Episodes

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 5-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Ёс бус ба завхайрлаас сэрэмжил
5 1 Хүү минь, мэргэн ухааныг минь
анхаарч,
Ухаан бодролд минь чих тавигтун.
2 Ингэвээс хянамгай чанарыг
сахиж,
Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.
3 Садар эмийн уруул нь
зөгийн бал дуслуулж
Тосноос ч илүү зөөлөн ярьдаг ч
4 Хожим тэр нь шарилж мэт
гашуун агаад
Хоёр талдаа иртэй илд мэт
хурц ажгуу.
5 Тэр эмийн хөл үхэл уруу уруудна
Түүний алхаа нь Үхэгсдийн оронд
аваачна.
6 Тэрээр амийн жимийг
бодож эс цэгнэнэ
Түүний зам мурийжээ,
тэр эс мэднэ.
7 Иймд хөвгүүд минь, намайг сонс,
Амнаас минь гарах үгнээс бүү зөр.
8 Тэр эмээс явах замаа хол байлга.
Гэрийнх нь үүдээр ч
ойрхон бүү яв.
9 Эс тэгвээс хүндлэл чинь
бусдынх болж
Нас жилээ чи харгис нэгэнд
алдах вий.
10 Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж,
Зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрт очих вий.
11 Эцэст нь бие махбод чинь
тэнхээгээ барах цагт
Чи гасалж
12 “Сургамжийг ямар их үзэн ядав
аа, би
Гэсгээлтийг яасан их
үл ойшоов оо, зүрх минь
13 Багш нарынхаа дуу хоолойг
үл сонсож,
Сургагч нараа ч би
чих тавин сонсоогүй,
14 Хохирол сүйрлийн ирмэгт
одоо тулж иржээ
Хотол түмэн хийгээд чуулган
дотор шүүгджээ” гэж хэлнэ.
15 Өөрийнхөө усан сангаас уу
Өөрийнхөө худгаас ундрах усыг уу.
16 Ундарга чинь гудамж уруу,
Усны чинь урсгал талбайгаар нэг
халих ёстой гэж үү?
17 Эдгээр нь гаднынхных биш
ганцхан чинийх л байг
18 Ундарга чинь ерөөгдөх болтугай!
Залуудаа гэрлэсэн
эхнэртээ баярла
19 Энхрийхэн марал,
гоолигхон согоон адил
Эхнэрийн чинь хөх чамайг
ямагт хангалуун байлгаж,
Хайранд нь чи үргэлж
хөлчүүрэх болтугай.
20 Хүү минь, чи садар эмтэй
самуурч,
Харь эмийн цээжийг
тэврэх ёстой гэж үү?
21 Хүмүүний замнал ЭЗЭНий
мэлмийн өмнө ил ажгуу.
Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.
22 Хилэнц нь буруутыг баривчилж
Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.
23 Сургамж дутсанаас болж
тэр үхдэг.
Мунхаглал илүүдсэнээс болж
тэр төөрөлддөг.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 6-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Санаж явах сургамж
6 1 Хүү минь, хөршийнхөө төлөө
батлан даалт гаргаж,
Гаднын хүнтэй гар барьсан бол
2 Уруулаасаа гарсанд боогджээ,
Амаараа хэлсэнд олзлогджээ,
3 Хүү минь, хөршийнхөө гарт
чи нэгэнт орсон тул
Өөрийгөө авар, даруй үйлд
Яв, өөрийгөө даруу болгож,
хөршөөсөө шалж гуй.
4 Нүд чинь нойронд бүү дийлдэг
Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг
5 Анчнаас зугтагч гөрөөс мэт
Ангуучийн гараас мултрах
шувуу мэт өөрийгөө авар.
6 Яв, шоргоолж юу хийдгийг хар,
ухаан суу, залхуу минь.
7 Ямар ч ахлагч, харгалзагч,
захирагч тэдэнд үгүй атал
8 Зунаар тэжээлээ бэлдэж,
Ургацаар хүнсээ цуглуулдаг.
9 Хэдий хүртэл хэвтэх вэ?
Нойрноосоо хэзээ сэрэх юм,
залхуу минь?
10 Жаахан унтаж, жаахан дугхийгээд,
Гараа жаахан хумхисаар
хэвтэх зуур чинь
11 Ядуурал дээрээс чинь
дээрэмчин мэт,
Гачаал зэвсэгт дайчин мэт
ирэх вий.
12 Үл бүтэх хийгээд ёс бус хүний
хэл ам нь гажиж,
13 Нүд ирмэн, хөлөөрөө дохиж,
хуруугаараа заана.
14 Зүрх хорон тэрээр
ёрын мууг сэдэж,
Зөрчил хэрүүлийг ямагт тараана.
15 Гай гамшиг нь түүн дээр
гэнэт ирж,
Сэхэхгүйгээр тэр хормын төдийд
устгагдана.
16 ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад
Тийм ээ, Түүний сэтгэлийн
жигшүүр нь дараах долоо
билээ.
17 Дээгүүр хардаг нүд,
Худал хэлдэг хэл,
Гэмгүйн цусыг урсгагч гар,
18 Гэм хортой санааг сэдэгч зүрх,
Ёрын мууд яаран гүйгч хөл,
19 Гүжирддэг хуурамч гэрчлэгч
болон
Ах дүүст зөрчлийг тараагч нар
ажээ.
20 Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү
минь.
Эхийнхээ заасан хуулийг бүү
орхи, үр минь.
21 Зүрхнээсээ үүнийг байнга уя,
Хүзүүгээ үүгээр ороо.
22 Энэ нь явахад чинь удирдаж,
Нойрсоход чинь хамгаалан,
Сэрэхэд чинь чамтай ярина.
23 Тушаал нь дэнлүү,
Хууль заавар нь гэрэл,
Сургамжит зэмлэлүүд нь
амийн зам.
24 Ёрын эмээс ч тэр,
Садар эмийн наалинхай үгсээс ч
тэр,
чамайг хамгаална.
25 Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ
бүү оруул.
Гоёмсог харцанд нь бүү олзлогд.
26 Биеэ үнэлэгчийн төлөөс
зүсэм талх.
Бусдын эхнэрийн төлөөс
нандин амийн нэхэл.
27 Хувцсаа шатаахгүйгээр хүн
гал өвөртөлж чадна гэж үү?
28 Хөлөө түлэхгүйгээр хүн халуун
нүүрсэн дээгүүр явж чадах
уу?
29 Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн
ийм буюу.
Хөршийнхөө эхнэрт хүрдэг
хүн бүхэн шийтгэгдюү.
30 Өлсөхийн эрхэнд өөрийгөө цатгах
гэж хулгайлагч хулгайч үл
жигшигдэнэ.
31 Гэсэн ч баригдваас тэр
долоо нугалан төлж,
Гэр орныхоо хамаг эд хогшлыг
өгнө.
32 Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч
хүн ухвар мөчид агаад
Энэ үйлдлээрээ тэр
өөрийгөө хөнөөдөг.
33 Тэрээр шарх, гутамшгийг амсавч
ичгүүр нь хэзээ ч арилахгүй.
34 Учир нь хардалт нь эр хүний
хилэнг бадраана.
Өс хонзонгийн өдрөө
тэр үл өршөөнө.
35 Ямар ч төлөөсийг тооцохгүй,
Ямар ч агуу бэлгийг авахгүй.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 7-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Завхайрлын хуурамч өнгө
7 1 Хүү минь, үгийг минь сахь.
Тушаалуудыг минь дотроо
нандигнаж яв.
2 Тушаалуудыг минь сахиж амьдар.
Хууль зааврыг минь
нүдний цэцгий мэт
3 Эдгээрийг хуруунууддаа ороо,
Тэдгээрийг зүрхнийхээ самбарт
бич.
4 Мэргэн ухаанд “Та миний эгч
мөн” гэж хэлэгтүн!
Ухаарлыг дотнын андаа гэж
дуудагтун!
5 Садар эм болон үгээрээ зусардах
хөндлөнгийн эмээс
Энэ л чамайг хамгаална.
6 Гэрийнхээ цонхны сараалжаар
гадагш нэг хартал
7 Гэнэн хөвгүүдийн дундах
ухваргүй нэг залууг ажтал
8 Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг
хөндлөн гарч, гэр уруу нь
замнасан нь
9 Үдшийн бүрий болон
оройн цагаар,
шөнө дунд, харанхуйгаар ажээ.
10 Эмэгтэй ч өнөөхийг угтан гарч ирлээ.
Янхан мэт хувцасласан бөгөөд
зүрх нь зальхай байлаа.
11 Тэр эмэгтэй дуу чангатай,
даруулгагүй нэгэн бөгөөд
Гэртээ ч үл тогтоно.
12 Гудамжинд ч, олон хөлийн газарт ч,
Булан тохойн ард ч тэр отох
ажгуу.
13 Өнөөхийг тэврэн авч үнсээд,
Нүүрэмгий нь аргагүй тэр эм
түүнд
14 “Эвийн тахил надад байна
Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул
15 Чамтай учрахаар гарав, би.
Чамайгаа хайн гартал
чамайг олов, би!
16 Ор дэрээ би өнгө алагласан,
Египетийн маалинган даавуун
бүтээлгүүдээр бүтээв.
17 Орон дотроо би мирр, зуун наст,
шанц зэргийг анхилуулан
цацав.
18 Ирээч, өглөө хүртэл янаг хайраа
бүрэн эдэлье.
Амраглан жаргацгаая.
19 Нөхөр эзгүй
Алс холын аянд мордсон.
20 Тэрээр зоостой хүүдийг авч одов.
Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ”
гэв.
21 Зөндөө олон ятгалгаараа
өнөөх эрийг уруу татаж,
Зөөлөн уруулаараа
толгойг нь эргүүлж амжив.
22 Өнөөх нь эмэгтэйн араас
Нядалгаа уруу явж буй шар мэт
Занганд цовхчих хандгай мэт
дагах нь
23 Сумны зэв элгийг нь нэвт сүлбэх
хүртэл бөлгөө.
Урхи уруу яарах
жигүүртэн лугаа адил
Амь юугаараа төлнө гэдгээ
эс мэднэ.
24 Иймд хөвгүүд минь, намайг сонс.
Амнаас гарах үгэнд минь
анхааралаа хандуул.
25 Зүрх чинь тэр эмийн зам уруу
бүү эргэг.
Жим уруу нь бүү төөрөлд.
26 Түүнд шархлуулан хаягдагсад
олон
Түүнд алуулсан эрс тоймгүй.
27 Ийм эмийн гэр
Үхэгсдийн оронд хүрдэг зам
агаад
Үхлийн танхимууд хүртэл
уруудмуй.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Мэргэн ухааны бэлэг
1 Мэргэн ухаан дуудаагүй гэж үү?
Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү?
2 Замын дэргэдэх өндөрлөгийн
оройд ч,
Жимүүдийн бэлчирт ч тэрээр
зогсоно.
3 Гулдан хаалганы дэргэд, хотод
орох газарт,
Хаалгануудын үүдэнд ч тэрээр
чангаар хашхирна.
4 “Хүмүүс ээ, та нарыг би
дуудаж байна.
Дуу хоолой минь хүний хөвгүүдэд
хандана.
5 Гэнэнчүүд ээ, саруул ухааныг
ухагтун,
Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг
авагтун.
6 Сонсогтун, учир нь би
сурвалжит зүйлсийг ярина.
Уруулаа нээхэд минь
чигч шударга зүйлс гарна.
7 Учир нь ам минь
үнэнийг өгүүлдэг.
Уруул минь гэм бурууг жигшдэг.
8 Амнаас минь гарах үг бүр зөвт
Аливаа муруйж хазайсан хийгээд
гажсан юм
Тэдгээр дотор огт үгүй.
9 Тэдгээр нь ухаарагч нэгэнд
тов тодорхой бөгөөд
Мэдлэгийг олж авагсдад зөв
зүйтэй юм.
10 Цалин цагаан мөнгийг бус,
сургамжийг минь авагтун,
Шилж авсан алтнаас
мэдлэгийг авсан нь дээр.
11 Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч
илүү үнэтэй
Хүсэл татагч бүхэнтэй ч
зүйрлэшгүй билээ.
12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай
хамт оршдог бөгөөд
Мэдлэг, хянамгай чанарыг олдог.
13 ЭЗЭНээс эмээхүй нь
ёрын мууг
үзэн ядах явдал юм.
Бардамнал, ихэмсэг зан,
ёрын муу зам хийгээд гажсан
амыг би жигшдэг.
14 Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь
минийх.
Би болбоос ухаарал мөн.
Хүч нь минийх.
15 Хаад надаар хаанчилдаг.
Захирагчид надаар шударга ёсыг
тогтоодог.
16 Захирагчид, язгууртнууд,
Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн
надаар захирдаг.
17 Намайг хайрлагсдыг би хайрлана.
Намайг хичээнгүйлэн хайгсад
намайг олно.
18 Баялаг, алдар суу,
үргэлжид байх хөрөнгө ба
зөвт байдал надад бий.
19 Үр жимс минь алтнаас ч,
Шижир алтнаас ч илүү дээр.
Үр ашиг минь цалин цагаан
мөнгөнөөс ч дээр.
20 Би шударга ёсны харгуйгаар,
шударга шүүлтийн жимээр
явдаг нь
21 Намайг хайрлагсдад
эд хөрөнгийг хүртээж
Эрдэнэсийн санг нь
дүүргэхийн тулд юм.
Бүтээл ба мэргэн ухаан
22 Эрт цагийн үйлсээсээ өмнө,
замынхаа эхнээс авахуулан
ЭЗЭН намайг бүтээсэн.
23 Өнө мөнхөөс, газрын цаг
хугацааны эхлэлээс
Би тогтоогдсон байсан.
24 Оёоргүй гүн үгүйд,
оргилох булаг оргүйд
би гарсан юм.
25 Уулс толгодыг босгохын өмнө,
би гарсан юм,
26 Газар дэлхий, тариан талбай хийгээд
Ертөнцийн тоосонцрын дээжийг ч
Тэр бүтээгээгүй байхад,
27 Тэнгэрийг бүтээж,
Оёоргүй гүний гадаргуу дээр
тойрог хязгаарыг сийлж байхад
Би тэнд байсан.
28 Дээр нь огторгуйг тогтоох үед мөн
оёоргүй гүний булгууд бий
болоход,
29 Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд
Тэнгист зарлигаа тогтоож байхад,
Газрын суурийг тавихад
Би тэнд байсан юм.
30 Би тэгэхэд хажууд нь урлаач,
Өдрөөс өдөрт бахдал нь байж
Өмнө нь үргэлж баярлаж байсан.
31 Түүний дэлхий ертөнцөд баясаж,
Хүний хөвгүүдээр бахдан байв.
32 Иймээс хөвгүүд минь, намайг
сонсогтун,
Замыг минь сахигсад ерөөлтэй еэ.
33 Сургамжид дуулгавартай байж
ухаантай бологтун,
Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34 Дааман хаалганы минь дэргэд
өдөр бүр харуулдан
Үүдний минь хатавчинд хүлээж,
намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35 Намайг ологч нь
амийг үнэхээр олж,
ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал
36 Надад нүгэл үйлддэг нь
өөрийгөө хорлоно.
Намайг үзэн ядагч бүхэн
үхлийг хайрлагчид болой” гэв.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 9-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Мэргэн ухааны найр
9 1 Байшингаа барьж,
долоон баганаа урлав,
мэргэн ухаан.
2 Малаа нядлан дарсаа хольж бас
ширээгээ засжээ, тэрээр.
3 Хотын хамгийн өндөрлөгөөс
тэрээр
зарц бүсгүйчүүдээ илгээн зар
тараана
4 “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!”
гээд
Ухвар мөчид нэгэнд тэрээр
5 “Нааш ир, талхнаас минь зоогло
Хольсон дарснаас минь уугтун.
6 Гэнэн явдлаа орхин амьд яв
Ухаарлын замаар яв!” гэж
хэлдэг.
Эгэл сургамжууд
7 Басамжлагчийг залруулваас
Үл хүндлэлийг хураана.
Буруутыг зэмлэвээс
Өө толбыг хүртэнэ.
8 Басамжлагчийг бүү зэмлэ,
Тэр чамайг үзэн ядна.
Мэргэнийг зэмлэ,
Тэр чамайг хайрлана.
9 Мэргэнд соёрх
Тэрээр улам мэргэн болно.
Зөвтийг сурга,
Тэрээр мэдлэгээ арвижуулна.
10 ЭЗЭНээс эмээхүй нь
Мэргэн ухааны эхлэл.
Ариун Нэгэнийг мэдэх нь
ухаарал.
11 Учир нь өдөр хоног чинь надаар
уртсах.
Амьдралын он жилүүд чамд
нэмэгдэх.
12 Чи мэргэн бол өөртөө л мэргэн
байгаа хэрэг.
Чи басамжилдаг аваас өөрөө л
үүнийгээ үүрэх болно.
Мунхагийн урилга, амлалт
13 Мулгуу эмэгтэй нь
чимээ дуулиантай.
Гэнэн агаад тэр юу ч мэддэггүй.
14 Гэрийнхээ үүдэнд,
хотын өндөрлөг газруудын
суудал дээр тэр суун
15 Харгуй замаараа цэх алхан
явагсдыг дууддаг.
16 “Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн”
гээд
Ухвар мөчид нэгэнд тэрээр
17 “Хулгайн ус чихэрлэг
Нууцалсан талх амттай” гэдэг.
18 Үхдэл болохоо тэрээр
эс харах агаад
Үхэгсдийн орны гүнд тэр эмийн
зочид буйг эс мэдэх ажээ.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 10-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Соломоны мэргэн үгс
10 1 Соломоны сургаалт үгс.
Мэргэн хүү эцгийн баяр
баясгалан,
Мулгуу хүү эхийн зовлон.
2 Буруугаар олдсон эрдэнэс
ашиг эс авчрах.
Зөвт байдал үхлээс гэтэлгэх.
3 Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН эс
тэвчих.
Буруутын хомхойрлыг харин
хөсөр хаях.
4 Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах.
Гар хичээнгүй аваас баян
чинээлэг болгох.
5 Ухаалаг хүү зунаар жимс түүх.
Ургацын цагт нойртой хүү
гутамшгийг хураах.
6 Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр
орших.
Хүчирхийлэл нь буруутын аманд
нууцлагдах.
7 Зөвтийн дурсамж нь ерөөл.
Буруутын нэр нь ялзрал.
8 Мэргэн зүрх тушаалыг хүлээж
авна.
Чалчаа мунхаг сүйрнэ.
9 Өөлөх гэмгүй явагч нь аюулаас
ангид.
Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ.
10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг
авчирна.
Чалчаа мунхаг нь сүйрнэ.
11 Зөвтийн ам нь амийн ундарга.
Буруутын аманд хүчирхийлэл
нууцлагдах.
12 Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх.
Хайр бүх гэмт үйлдлийг далдлах.
13 Ухаарагчийн амнаас мэргэн ухаан
олдоно.
Ухвар мөчдийн нуруунд саваа
зориулагдана.
14 Мэргэд мэдлэгийг хуримтлуулна.
Мунхгийн ам сүйрэлд ойртоно.
15 Баячуудын хөрөнгө баячууддаа
бэхлэлт цайз.
Ядуусын үгүйрэл ядуустаа балгас.
16 Зөвтийн ацаг хөлс нь амь.
Буруутын үр ашиг нь нүгэл.
17 Сургамжийг сахидаг хүн
амийн харгуйгаар.
Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн
төөрлийн жимээр.
18 Худалч уруул үзэн ядалтаа
нууцлах.
Мулгуу хүн базаахгүй үг тараах.
19 Үг олшроход гэмт үйлдэл
зайлшгүй.
Хэлээ захирагч хэрсүүгээс
зайлбаргүй.
20 Зөвтийн хэл цэвэр мөнгө.
Буруутын зүрх үнэ цэнэгүй.
21 Зөвтийн уруул олныг тэжээх.
Мунхгуудын үхэл ухаан дутахаас
болох.
22 ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд
Зовлон зүдүүр үл нэмнэ.
23 Булай үйл хийх нь
мулгууд баясгалан.
Мэргэн үйл нь
ухаарагч нэгэнд таалал.
24 Буруутын дээр айдаг юм нь буух.
Зөвтийн хүсэл соёрхогдох.
25 Хуй салхи шуурчээ,
буруутууд алга болох.
Зөвт нь мөнхийн суурьтай байх.
26 Залхуу хүн заран илгээгчдэдээ
Шүдэнд орсон цуу,
нүдэнд орсон утаа мэт.
27 ЭЗЭНээс эмээхүй нь
амьдралыг уртасгах.
Буруутын он жилүүд богиносох.
28 Зөвтийн найдвар нь
баяр хөөр авчирдаг.
Буруутын хүлээлт хоосон хоцордог.
29 ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд
өмөг түшиг,
Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.
30 Зөвт нь мөнхөд үл хөдлөх.
Буруут нь газрыг эс өвлөх.
31 Зөвтийн ам мэргэн ухааныг
гаргана.
Хорон хэл харин огтлогдоно.
32 Зөвтийн уруул тааллыг,
Буруутын ам хор хөнөөлийг л
мэднэ.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 11-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
11 1 Дэнс хуудуутай аваас
ЭЗЭНд жигшил.
Туухай төгс болбоос
Түүнд тааламж.
2 Дээрэнгүй нь үл хүндлэлийг
дагуулна.
Дарууд мэргэн ухаан оршино.
3 Чигч шударга хүмүүсийг
хоёргүй үнэнч нь удирдах
Бачит хүмүүсийг
худал хуурмаг нь хөнөөх.
4 Уур хилэнгийн өдөр
баялаг тус үл болмуй
Үхэл ирвээс
зөвт байдал л чөлөөлмү.
5 Зөвт байдал нь гэм зэмгүй хүний
замыг тэгшлэх.
Бурууталдаа цөвт нэгэн ойчих.
6 Чигч шударга хүмүүсийг
зөвт байдал нь аврах.
Зальхай хүмүүс
хомхойролдоо баригдах.
7 Буруутыг үхэхэд хүлээлт нь
ор мөргүй болох.
Хорон муугийн горьдлого нь ч
тасрах.
8 Зөвт нь зовлон шаналангаас гарч,
Буруут нь түүний оронд орму.
9 Сүсэг бишрэлгүй нь
амаараа хөршөө хөнөөнө.
Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
10 Зөвтүүдийг дэвжихэд
хотоороо баярлах.
Буруутууд мөхөхөд уухай
хадаах.
11 Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр
хот нь дэвжин дээшлэх.
Буруутуудын ам түүнийг
доош нураах.
12 Хөршдөө зэвүүцэгч нь
ухвар мөчид.
Ухаан бодролтой хүн дуугүй.
13 Илүү үгтэн нууцыг задруулах.
Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
14 Удирдамжгүй аваас
ард түмэн мөхөх.
Харин олон зөвлөхтэй аваас
аврагдах.
15 Гаднын хүний төлөө
батлан даах нь
гай гамшиг авчрах.
Үүнээс зайлсхийгч нь
аюулгүй суух.
16 Нигүүлсэнгүй эмэгтэй
алдрыг авах.
Шаргуу дайчин эр баялгийг олох.
17 Энэрэнгүй хүн
амин сэтгэлээ тэтгэнэ.
Хэрцгий ширүүн хүн
лайгаа эдэлнэ.
18 Буруут нь хуурмаг хонжоо олно.
Зөвийг таригч нь
жинхэнэ шагнал хүртэнэ.
19 Зөвийг тууштай дагавал амийг.
Буруу мууг мөшгөвөл үхлийг.
20 Бачит зүрхтэн
ЭЗЭНий жигшлийг
төрүүлдэг бол
Гэм зэмгүй алхагч нь
Түүний таалалд нийцдэг.
21 Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй
нь баттай.
Зөвтийн үр удам
чөлөөлөгдөх нь лавтай.
22 Үзэсгэлэнтэй атлаа
ухваргүй эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн
алтан гархи мэт ажгуу.
23 Зөвтийн хүсэл зөвхөн сайныг.
Буруутын горьдлого уур хилэнг.
24 Харамгүйгээр тараах хүн арвижих.
Хэт гамнах хэрнээ
ядуу тарчиг болох.
25 Ерөөлийн хүн тосон чөмөглөх.
Өрөөлийг ундлагч
өөрөө ундлуулах.
26 Үр тариагаа нууцалдаг нэгнийг
хүмүүс зүхнэ.
Үүнийгээ харин худалдагчийн
толгой дээр ерөөл оршино.
27 Сайныг хайгч нэгэн ивээл
тааллыг олох.
Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр
тэр нь ирэх.
28 Зөөрөндөө найдагч нь зулгарах.
Зөвт нь навч адил дэлгэрэх.
29 Гэртээ лай таригч салхийг өвлөнө.
Мунхаг нь мэргэн зүрхтний боол
болно.
30 Зөвт хүний үр жимс нь
амийн мод.
Мэргэн хүн бусдыг өөртөө татах.
31 Зөвт нь хүртэх ёстойгоо
газар дээр хүртдэг бол
Буруут хийгээд нүгэлт нь
хэр илүү хүртэх бол!

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 12-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
12 1 Сургамжийг хайрлагч нь
мэдлэгт хайртай.
Гэсгээлтийг зүхэгч нь
харанхуй бүдүүлэг.
2 Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог.
Баширыг сэдэгчийг
Тэр буруутгадаг.
3 Гэм буруугаар хүн эс оршин
тогтнох.
Зөвтийн үндэс хэзээд
хөдөлшгүй байх.
4 Зохистой сайн эхнэр
нөхрийн титэм.
Гутамшигт эхнэр ясанд нь буглах
идээ бээр.
5 Зөвтийн санаа зүйтэй.
Буруутын удирдамж хуудуутай.
6 Буруутын үгс нь цус урсгахаар
отно.
Чигч шударга хүмүүсийн ам
тэднийг аварна.
7 Буруутууд үлдэхгүй сүйрч устана.
Зөвтийн орон гэр нь бат зогсоно.
8 Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг.
Гуйвдаг зүрх гадуурхлыг.
9 Талх хомс
өөрийгөө өргөмжилснөөс
Туслах зарцтай
хүндлэлгүй нэгэн нь дээр.
10 Зөвт нэгэн малынхаа амийг ч
хэрэгсэх
Буруутуудын энэрэл нь ч
үл хэлтрүүлэх.
11 Газраа тариалагч цадах талхтай.
Утгагүй хоосныг мөшгөгч
ухаан хомстой.
12 Буруут нь ёрын муу олзыг хүснэ.
Зөвтийн үндэс үр жимс ургуулна.
13 Цөвт муу нь уруулынхаа гэмт
үйлдэлд урхидуулна.
Зөвт нь зовлон шаналангаас ч
зайлна.
14 Амных нь үр жимс хүнийг
сайнаар цатгадаг.
Гарынх нь үйлс эргээд хүмүүнд
цутгадаг.
15 Мунхгийн зам нүдэнд нь зөв.
Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох.
16 Мунхгууд уураа даруй үзүүлэх.
Хэрсүү нь басамжлалыг
үл хэрэгсэх.
17 Үнэнийг яригч нь зөвийг.
Хуурамч гэрчлэгч заль мэхийг.
18 Бодлогогүй яриа нь
илдээр дүрэх мэт.
Харин мэргэн хүний хэл
илааршлыг авчрах.
19 Үнэнч уруул үүрдийг авах.
Худалч хэл хормыг л давах.
20 Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд
заль мэх.
Амар тайвныг зөвлөгсдөд
баяр баясгалан.
21 Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй.
Буруутын гай тотгор дундрахгүй.
22 Худалч уруул ЭЗЭНд жигшүүр.
Хуудуугүй загнагсад Түүнд
таалал.
23 Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах.
Мулгуучуудын зүрх
мунхаглалаа зарлах.
24 Зүтгэлтэй хүний гар
удирдан дагуулна.
Лазан хүн албадлагын ажил хийнэ.
25 Шаналал хүмүүний зүрхийг
дарамтлах.
Сайн үг баярлуулах.
26 Зөвт нь хөршдөө хөтөч болох.
Буруутын зам бусдыг будлиулах.
27 Лазан нь ангийн махаа ч
эс шарах атал
Зүтгэлт нь үнэт өмчийг олно.
28 Зөвийн харгуйд амь.
Зам дээр нь үхэл үгүй.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 13-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
13 1 Мэргэн хүү
эцгийнхээ сургамжийг авах.
Басамжлагч нь зэмлэлийг
үл сонсох.
2 Амныхаа үр жимснээс хүн
сайныг иднэ.
Зальхай хүмүүс
хүчирхийллийг хүснэ.
3 Амаа захирах нь
амийн хамгаалалт.
Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
4 Залхуугийн сэтгэл өлөн байвч
үл хүртэнэ.
Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
5 Худал хуурмагийг зөвтөн нь
зүхнэ.
Буруутыг ичгүүр, гутамшиг
дагана.
6 Гэмгүй нэгнийг
зөвт байдал нь өмгөөлөх.
Гэм буруу нь
нүгэлтнийг хөмрүүлэх.
7 Хоосон хэрнээ баян аяглах.
Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.
8 Хүний баялаг амийнх нь төлөөс
буюу.
Хоосон ядуу нь занал эс сонсюу.
9 Зөвтийн гэрэл бадарна.
Буруутын дэнлүү бөхнө.
10 Их зангаас мэтгэлцээн маргаан.
Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан.
11 Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох.
Хөдөлмөр шингэсэн аваас
арвижих.
12 Найдвар сунжирваас
зүрхний өвчин.
Хүсэл биелвээс амийн мод.
13 Үгийг үл тоомсорлох нь өр.
Зарлигаас эмээх нь шагнал.
14 Мэргэний сургаал болбоос
амийн ундарга.
Үхлийн занганаас
энэ л зайлуулдаг.
15 Бодол сайн аваас нигүүлсэл.
Бачит хүмүүсийн зам бэрх.
16 Хашир хэрсүү нь
бодолтой үйлдэх.
Харин мунхаг нь
мулгуугаа дэлгэх.
17 Элч буруут аваас гай зовлон.
Элч нь итгэлт болбоос илааршил.
18 Сургамжийг үл ойшоогчдод
ядуурал ба үл хүндлэл.
Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.
19 Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам.
Ёрын муугаасаа салах нь
мулгууд ичгүүр.
20 Мэргэнийг дагавал мэргэн.
Мулгуутай нөхөрлөвөл хорлол.
21 Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь
гай зовлон.
Зөвт хүмүүсийг шагнадаг нь
сайн сайхан.
22 Сайн хүний өв ач гучдаа
Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.
23 Ядуу хүний талбайд
арвин хүнс байх боловч
Шударга шүүлт үгүй бол
Тэр нь хамагдан арилна.
24 Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч
нь
түүнийг үзэн ядагч юм.
Хүүгээ сахилгажуулахдаа хойрго
бус нь түүнийг
хайрлагч юм.
25 Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох.
Буруутын гэдэс өлөн хоосон явах.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 14-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
14 1 Мэргэн эмэгтэй
гэрээ төвхнүүлэх.
Мунхаг нь гэрээ гардан нураах.
2 Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх.
Замаасаа гажигч хүн
Түүнийг жигших.
3 Мунхагуудын ам нуруун дундуур нь
татах саваа.
Мэргэний уруул
өөрсдийг нь хамгаалах.
4 Шар эс байваас тэжээлийн тэвш
хоосон.
Шарын хүч байх аваас
орлого арвин.
5 Гэрч итгэмжит аваас үл хуурах.
Гэрч хуурамч болбоос
худал үгс урсгах.
6 Басамжлагч мэргэн ухааныг хайвч
эс олох.
Ухаарагч нэгэнд мэдлэг нь
хялбар байх.
7 Мулгуутай ханилагч нь
Ухаарлын уруулыг эс сонсмуй.
8 Хэрсүүгийн мэргэн ухаан нь
замаа ухаарах явдал.
Мулгуугийн мунхаглал нь
заль мэх.
9 Ялын тахилыг мунхгууд басах.
Бурханы таалалд чигч шударга
хүн баясах.
10 Зовогч зүрх зовлонгоо мэдэх.
Баяр хөөрийг нь гаднын хүн
үл хуваалцах.
11 Гэм буруутнуудын өргөө нурах.
Чигч шударга хүмүүсийн
овоохой дэвжих.
12 Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам.
13 Инээж байвч
зүрх хөндүүрлэж болох.
Хөөрөн баясахын эцэс
уй гашуу ирж болох.
14 Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна.
Сайн хүн ч үйлдсэнээрээ хүртэнэ.
15 Гэнэн хүн үг бүхэнд итгэх.
Хэрсүү хүн алхмаа ухаарах.
16 Мэргэн нь эмээж,
ёрын муугаас зайлсхийх.
Мунхаг нь догширч адгах.
17 Цочмог ууртай нь мулгууг үйлдэх.
Баширыг сэдэгч үзэн ядагдах.
18 Гэнэнчүүдийн өв мулгуу.
Ухаалгуудын титэм нь мэдлэг.
19 Ёрын муу нь сайны өмнө сөгдөх.
Буруутан нь зөвтийн үүдэнд
сөхрөх.
20 Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх
атал
Баян хүнд найз нөхөр олон.
21 Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн.
Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай
яа.
22 Ёрын мууг сэдэгчид
Төөрөлд хүрэх бус уу?
Харин сайныг сэдэгчид
Хайр энэрэл ба үнэнийг олюу.
23 Зүтгэл бүхэн ашиг авчрах
Хоосон яриа ядууралд хүргэх.
24 Мэргэдийн титэм нь
тэдний баялаг.
Мулгуучуудын мунхаглал нь
ердөө л мунхаглал.
25 Үнэнч гэрч амийг аврах.
Худлыг тургигч нь урвагч.
26 ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл.
Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох
газар.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн
ундарга.
Үхлийн занганаас энэ л
зайлуулдаг.
28 Түмэн олон болбоос хааны сүр
хүч
Албатгүй ноён мөхөлд.
29 Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн.
Түргэн зантай нь мунхаглалыг
дээдэлнэ.
30 Махбодын амь нь уужуу зүрх.
Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал.
31 Ядууг дарлах нь
Бүтээгчийг нь доромжилж буй
хэрэг.
Үгээгүйд элэгсэг хандагч нь
Түүнийг хүндэтгэж буй хэрэг.
32 Буруутан муу үйлийнхээ төлөө
хөсөр хаягдах.
Зөвт нэгэн үхсэн ч
хоргодох газар олох.
33 Мэргэн ухаан, ухаардаг нэгний
зүрхэнд нутаглах.
Мунхгуудын зүрхнээс тэр эс
олдох.
34 Үндэстний алдар зөв шударгад.
Ард түмний гутамшиг нүгэлд.
35 Хааны таалал мэргэн зарцад.
Түүний хилэн гутамшгийг
авчрагчдад.