Episodes

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 15-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
15 1 Эелдэг хариулт уурыг
зайлуулах.
Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.
2 Мэргэдийн хэл мэдлэг тараах.
Мулгуучуудын ам
мунхаглал оргилуулах.
3 ЭЗЭНий мэлмий хаа сайгүй.
Ёрын муу хийгээд сайныг ч бас
харах.
4 Амарлингуй хэл амийн мод.
Хазааргүй хэл сүнсний бусниулал.
5 Эцгийн сургамж мунхагт
эс тоомсорлогдох.
Түүний гэсгээлийг
хэрсүү нэгэн сахих.
6 Зөвт хүний гэрт арвин их баялаг.
Буруутын орлого
харин лай ланчиг.
7 Мэргэн хүний уруул
Мэдлэг дэлгэрүүлдэг бол
Мулгуучуудын зүрх тийм бус.
8 Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах.
Чигч шударга хүмүүсийн залбирал
Түүнд таалагдах.
9 Буруутын зам ЭЗЭНд жигшүүр.
Зөвийг мөшгөгчийг Тэр хайрлана.
10 Замаасаа гажигсдад хатуу сахилга.
Гэсгээлтийг үзэн ядагсдад үхэл.
11 Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газар
ЭЗЭНий өмнө байхад
Хүний хөвгүүдийн зүрх бүр ч ил
бус уу?
12 Басамжлагч нь зэмлэгчийг
хайрладаггүй.
Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
13 Зүрх хөгжилтэй бол царай
тунгалаг.
Зүрх шаналахад сүнс зовууртай.
14 Ухаарагч хүний зүрх
мэдлэгийг эрэх.
Мулгуучуудын ам
мунхаглалд идээших.
15 Шаналагчдын өдрүүд
хэцүүгээр дүүрэн.
Хөгжилтэй зүрхэнд
найр наадам дүүрэн.
16 ЭЗЭНээс эмээн хомсхон суух нь
Асар их хөрөнгөтэй бас
түгшүүртэй сууснаас дээр.
17 Үзэн ядалтаар бордсон
шарын махнаас,
Үнэн хайр буй газрын
өвсөн хоол дээр.
18 Хурц зантай хүн хэрүүл өдөөх.
Уурлахдаа удаан хүн
маргааныг намжаах.
19 Залхуугийн зам
сундуугаар дүүрэн.
Чигч шударгын жим
шулуун чигээрээ.
20 Мэргэн хүү эцгийгээ баярлуулах
атал
Мулгуу хүн эхийгээ ч
үл тоомсорлох.
21 Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх.
Ухаарагч хүн цэх замаар явах.
22 Зөвлөмж дутсанаас
төлөвлөгөө бүтэлгүйтэх.
Зөвлөх олон болбоос
бүтэмжтэй болох.
23 Онож хэлсэн хариултад
хүн бүр баярладаг.
Цагаа олсон үг юутай сайхан бэ!
24 Бодлоготой хүнийг
амийн зам дээш хөтлөх.
Доор буй Үхэгсдийн орноос
ангижруулах.
25 Бардам хүний гэрийг
ЭЗЭН нураана.
Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг
Тэр тогтооно.
26 Ёрын муу төлөвлөгөө
ЭЗЭНий жигшүүр.
Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун.
27 Ёс бус ашигт шунагч
гэрийнхэндээ лай тарих.
Хээл хахуулийг үзэн ядагч
амьд гарах.
28 Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа
цэгнэх.
Буруутын ам ёрын мууг ундраах.
29 Буруутуудаас ЭЗЭН алс.
Зөвтийн залбирлыг Тэр сонсоно.
30 Гэрэлтсэн харц
зүрхийг баярлуулах.
Сайн мэдээ ясыг шимжүүлэх.
31 Амийн сануулгад
дуулгавартай чих
Мэргэдийн дунд байх.
32 Сургамжийг үл ойшоогч
өөрийгөө үл хэрэгсэх.
Сануулгад дуулгавартай нэгэн
ухааныг олж авах.
33 ЭЗЭНээс эмээхүй нь
мэргэн ухааны сургамж
Алдрын өмнө даруу дорд байдал.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 16-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
16 1 Зүрхний төлөвлөгөө хүнээс.
Хэлний хариулт ЭЗЭНээс.
2 Хүмүүний бүхий л зам
нүдэнд нь цэвэр ч
Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.
3 Үйлсээ ЭЗЭНд даатга,
бодол санаа чинь биелнэ.
4 ЭЗЭН, бүгдийг зорилготой
бүтээсэн тул
Буруутууд шийтгэлийн өдрийнх.
5 Зүрх бардам бүгд
ЭЗЭНд жигшүүртэй.
Гар барьсан ч болно,
шийтгүүлэх нь лавтай.
6 Энэрэл хайр ба үнэнээр
хилэнц цагаадна.
ЭЗЭНээс эмээвээс
ёр муугаас зайлна.
7 Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн
хүмүүнийг
Дайснуудтай нь хүртэл Тэр
эв түнжинтэй байлгана.
8 Шударга бусаар олох
үлэмж их орлогоос
Зөвт байдлаар олсон бага нь дээр.
9 Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч
Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
10 Хааны уруулд
тэнгэрлэг шийдвэр бий.
Шүүх цагт ам нь
харш юм үйлдэх ёсгүй.
11 Шударга жин ба дэнс ЭЗЭНийх.
Уутан доторх туухай бүхэн нь
Түүний үйлс.
12 Зөвт байдал нь
хаан ширээний тулгуур.
Цөвт буруу явдал хаадад жигшүүр
13 Зөвт уруул хаанд тааллыг олох.
Чигч шударгыг яригчийг
тэрээр хайрлах.
14 Хааны уур хилэн
үхлийн элч буюу.
Харин мэргэн хүн
түүнийг тайтгаруулмуй.
15 Хааны нүүрэнд гэрэлтэх
гэрэл дотор амьдрал буй.
Таалал нь хаврын борооны
үүл мэт буюу
16 Мэргэн ухаан олж авах нь
алтнаас хамаагүй дээр.
Мөн ухаарлыг олж авах нь
мөнгө сонгосноос ч дээр.
17 Чигч шударга хүмүүсийн харгуй
ёрын муугаас холдоно.
Замаа анхаардаг хүн
амиа хамгаална.
18 Сүйрлийн өмнө бардам зан
Уналтын өмнө ихэрхүү зан.
19 Ядуучуудын хамт
даруу сүнстэй байх нь
Бардамнагчдын хамт
арвин олз хувааснаас дээр.
20 Үйл хэрэгтээ анхаарагч нь
амжилтад.
ЭЗЭНд итгэгч нь жаргалд.
21 Зүрх мэргэн аваас
ухаарагч хэмээн дуудагдана
Үг амтат бол
ятгалга хүчтэй болно.
22 Мэргэн ухаан хэнд байна
Түүнд амийн ундарга юм.
Мунхаглал, мунхаг хүндээ
шийтгэл.
23 Мэргэний зүрх амаа сургамжилж,
уруулынхаа ятгалгыг нэмнэ.
24 Тааламжит үгс зөгийн балтай
сархинаг мэт.
Сэтгэлд бурам, ясанд эм буюу.
25 Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам.
26 Ажилчныг ажиллуулагч нь
хооллох хүсэл нь.
Ажилд гуядагч нь
хоосон ходоод нь.
27 Үл бүтэх хүн ёрын мууг малтаж
Хуйхлах гал мэт ярих.
28 Замаасаа гажигч
эвдрэлцлийг тарих.
Хов жив тараагч
дотнын нөхдийг салгах.
29 Хүчирхийлэгч, хөршөө уруу
татаж,
Сайн бус замаар дагуулна.
30 Нүдээ ирмэгч хүн
гаж зүйлсийг сэдэх.
Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг
гүйцэтгэх.
31 Буурал толгой алдрын титэм.
Зөвт байдлын зам дээр үүнийг
олно.
32 Уурлахдаа удаан хүн
хатан зоригтноос ч дээр.
Сүнсээ захирдаг хүн
хотыг эзлэгчээс ч дээр.
33 Шавга хаявч шийдвэр бүр нь
ЭЗЭНээс ирдэг.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 17-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
17 1 Хэрүүлтэй гэрийн
бялхам идээ будаанаас
Амар тайван дундах
хатсан талхны хэлтэрхий нь дээр.
2 Гутамшигт хүүг
мэргэн зарц захирч
Гэрийн өв хөрөнгөнөөс
төрөл нь мэт хүртэх.
3 Хайлуур нь мөнгөнд, зуух нь
алтанд,
Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.
4 Муу хүн цөвт уруулыг сонсох.
Худалч хүн хорлолын хэлийг
анхаарах.
5 Ядууг элэглэгч
Бүтээгчийг нь гутаах.
Гамшигт баясагч
шийтгэлгүй эс үлдэх.
6 Ач гуч өтгөсийн титэм.
Азай буурлууд үрсийн алдар.
7 Дээдсийн үг хэллэг
мунхагт эс тохирох.
Худал хэлэх нь захирагчид
бүр ч үл нийцэх.
8 Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд
ид шидийн чулуу мэт
Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр.
9 Алдаат үйлдлийг уучилваас
хайрыг татах.
Аливаа хэргийг эргэн сөхвөөс
андаа алдах.
10 Зэмлэлийн ганц үг
ухаантанд хүрэхдээ
Цохиурын зуун буулт
мулгууд хүрэхээс гүн.
11 Ёрын муу хүн зөвхөн
тэрслэл тарих агаад
Догшин элч түүний эсрэг
илгээгдюү.
12 Бамбаруушаа булаалгасан
баавгайтай таарах нь
Мунхаглалдаа живсэн
мунхгаас дээр.
13 Сайныг саараар хариулагчийн
гэрээс
ёр муу үл салах.
14 Зөрчилдөөний эхлэл
дусах ус мэт буюу.
Садрахаас нь өмнө хэрүүлийг
зогсоо!
15 Буруутыг зөвтгөгч ч тэр,
зөвтийг буруутгагч ч тэр
ЭЗЭНд жигшүүртэй.
16 Мунхаг нэгэн ухаангүй атлаа
ухааныг худалдан авах уу?
Мөнгө гарт нь байлаа гээд
тус болох уу?
17 Анд нөхөр аваас ямар ч үед
хайрлах.
Ахан дүүс зовлон шаналангийн цагт
дэм болохоор төрөх.
18 Хөршийнхөө төлөө батлан дааж
Гар баригч нь ухвар мөчид ажээ.
19 Гэмт үйлдлийг таашаагч нь
хэрүүлд дурлах
Үүдэн босгоо өндөрлөгч нь
яс хугалах.
20 Зальт зүрхтэн үл дэвжих
Мэхлэгч хэлтэн гай зовлонд
унах.
21 Мулгууг төрүүлэгч шаналах.
Олиггүйн эцэг эс баярлах.
22 Баяр хөөртэй зүрх болбоос
сайн эм.
Эмтэрсэн сүнс аваас
ясны хувхай өвчин.
23 Шударга замыг хазайлгахаар
Буруут нь хахууль өвөртлөх.
24 Ухаарагчийн өмнө мэргэн ухаан
Мунхгийн хараанд газрын
хязгаар.
25 Мулгуу хүү эцгийн халаглал.
Төрүүлсэн эхдээ ч уй гашуу.
26 Зөвт нэгнийг торгох нь ч,
Чигч байтал түшмэдийг
ташуурдах нь ч
зүйд эс нийцюү.
27 Мэдлэгтний үг ховор.
Ухаантны сүнс уужим.
28 Дуугүй байваас
мунхаг ч мэргэнд тооцогдох.
Амаа хамхиваас тэрээр
ухаалаг мэт харагдах.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 18-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
18 1 Сувдаг шунахай хүн
адайр байх.
Саруул ухаан бүрийн эсрэг сөрөх.
2 Мулгуу нэгэн ухааныг эс таалан
Зүрхээ л илэрхийлэн ярьдаг.
3 Цөвт нэгэн ирэхэд
жигшүүр ч ирэх.
Гутамшгийн хамт тохуурхал байх.
4 Хүмүүний амны үгс гүн ус мэт.
Мэргэн ухааны ундарга
урсах горхин лугаа адил.
5 Буруутанд нүүр тал засах ч
Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч
Зүйд эс нийцюү.
6 Мулгуу нэгний уруул
хэрүүл авчрах.
Ам нь зодуур дуудах.
7 Мулгуу нэгний ам
өөрийг нь сүйтгэх.
Уруул нь сэтгэлийг нь урхидах.
8 Хов яригчийн үгс амтат идээ мэт
Ходоодны мухарт ч хүрнэ.
9 Ажилдаа хойрго хүн
Шамшигдуулагчийн ах дүү юм.
10 ЭЗЭНий нэр бат цамхаг.
Зөвт нь гүйн ороод аюулгүй.
11 Баячуудын хөрөнгө нь
хүчирхэг хот
Өөрийнх нь төсөөлөлд
өндөр хана мэт буюу.
12 Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх.
Алдрын өмнө даруу дорд байдал.
13 Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь
мулгуу агаад ичгүүртэй.
14 Хүмүүний сүнс
өвчнөө тэсвэрлэх авч
Хэн цөхөрсөн сүнсийг
тэнхрүүлэх вэ?
15 Ухаарагчийн зүрх
мэдлэгийг олж авдаг.
Мэргэний чих мэдлэгийг эрдэг.
16 Хүнд өгсөн бэлэг сэлт хаалгуудыг нээх.
Хүндэт нэгэнтэй ч хүртэл
учруулах.
17 Хөрш нь ирж, шалгахаас нааш
Хэрэг явдлаа түрүүлж хэлсэн
хүний л зөв байдаг.
18 Шавга хаях нь зөрчилдөөнийг
эцэслэх агаад
Шаламгай хүчтэнүүдийн
хоорондохыг ч шийдэх аж.
19 Тэрсэлдсэн ах дүүс
Хүчирхэг хотоос ч бэрх.
Хэрүүл нь цайзын үүдний хөндөл
мод мэт.
20 Амныхаа үр жимсээр
хүмүүний ходоод дүүрэх.
Уруулынхаа ашиг шимээр цадах.
21 Хэл гэдэг амилуулах
бас үхүүлэх хүчтэй
Хэн үүнд дурлана
үр жимсийг нь хүртэнэ.
22 Эхнэр ологч нь сайныг олох.
ЭЗЭНээс бас тааллыг авах.
23 Ядуу нэгэн өршөөл гуйх.
Баян нэгэн догшноор хариулах.
24 Үерхэгчид нь хүнийг эвдэж болох.
Үнэн хайрлагч нь ахаас ч илүү
эвлэж болох.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 19-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
19 1 Ядуу атлаа өөлөх гэмгүй
явдалтан нь
Бачит уруултай мулгуу нэгнээс
дээр.
2 Хүн мэдлэггүй байваас сайн бус
Хөл яарах аваас зам алдана.
3 Мунхаглал өөрийг нь
сүйрэлд хүргэх атал
Мөнөөхийн зүрх
ЭЗЭНий эсрэг хилэгнэх.
4 Баялаг нь баахан найз авчрах.
Ядуу нь ямар ч найзгүй хоцрох.
5 Хуурамч гэрч шийтгэлээс эс
мултарна.
Худалч хүн ч дутааж үл чадна.
6 Ноёдын ивээлийг олон хүн эрдэг.
Бэлэг өгөгчид хүн бүр найз.
7 Ядууг ах дүү нь үзэн яддаг бол
Найз нөхөд нь түүнээс ямар их
холдох бол!
Тэднийг дуудавч тэд алга болно.
8 Мэргэн ухааныг олбол
сэтгэлээ хайрлах.
Ухаан бодролыг сахивал
сайныг олох.
9 Хуурамч гэрч шийтгэлгүй эс
өнгөрөх.
Худал хэлдэг хүн мөхөх.
10 Мулгууд тав тух, тансаглал үл
зохих.
Зарц хүн ноёдыг захирах нь
бүр ч эс нийцэх.
11 Ухаалаг хүн ууранд удаан.
Гэмт дайралтыг өнгөрөөх нь
түүний алдар суу.
12 Хааны хилэгнэх нь
арслангийн архираа.
Түүний таалал нь
өвсөн дээрх шүүдэр.
13 Мулгуу хөвгүүн эцэгтээ хорлол.
Яншаа эхнэр үл тасрах дусаал.
14 Байр, хөрөнгө эцгүүдээс өвлөгдөх.
Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирэх.
15 Залхуурал гүн нойрыг авчрах.
Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх.
16 Тушаал сахигч аминд.
Замаа үл хайхрагч үхэлд.
17 Ядууг энэрэгч нь ЭЗЭНд
зээлдүүлэгч
Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй.
18 Найдлага байхад хүүгээ гэсгээ
Түүний үхлийг бүү хүс.
19 Хилэн ихтэн торгуулиа хүртэнэ.
Хэрэв түүнийг аварваас
чи үүнийгээ дахих буй заа.
20 Зөвлөгөөг сонсож,
сургамжийг хүлээн авбаас
Хожим ирээдүйд мэргэн байх.
21 Бишгүй олон төлөвлөгөө
хүний зүрхэнд байдаг ч
Биелэл болдог нь ЭЗЭНий л
зорилго.
22 Хүнд үнэнч зан эрхэм.
Худалчаас ядуу нэгэн нь дээр
23 ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь.
Үүгээр бялхагч нь амар нойрсож
гай хөнөөл эс амсах.
24 Тавганд хүргэсэн гараа залхуу нь
Татаж амандаа хүргэхдээ хүртэл
залхуурах.
25 Басамжлагчийг саваадваас
гэнэн нэгэн хэрсүүд суралцах
Ухаантныг зэмлэвээс
тэр өөрөө мэдлэгийг олох
26 Эцгээ түрэмгийлж, эхээ туугч
хөвгүүн болбоос
Гутамшиг ба жигшүүрийг
хураана.
27 Хүү минь, сургамж үл сонсвоос
мэдлэгийн үгсээс төөрюү.
28 Үл бүтэх гэрч
Хууль шүүхийг доромжлох.
Буруутын ам ёс бусыг залгих.
29 Басамжлагчдад шийтгэл
зэхээстэй.
Мулгуучуудын нуруунд
зодуур бэлдээстэй.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 20-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
20 1 Дарс нь басамжлагч,
сархад нь агсамнагч
Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх.
2 Хааны хилэгнэл арслангийн
архираан
Түүнийг уурлуулах нь
амийнхаа эсрэг нүгэл.
3 Эвдрэлцлээс зайлсхийх нь
хүндэтгэл.
Хэрүүлд ухасхийх нь мунхаглал.
4 Залхуу нь цагтаа газраа үл
хагалах.
Ургацын үед олдох юмгүй хоцрох.
5 Хүний зүрхэн дэх зорилгууд
гүний ус
Ухаан бодролт хүн
үүнийг гадагш гаргах.
6 Өөрийгөө итгэмжит хэмээн
тунхаглах хүн олон ч
Найдвартай гэчихээр хүн олдох
уу?
7 Зөвт хүн гэм зэмгүй явах.
Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх
8 Шүүлтийн сэнтийд залрагч хаан
Хамаг ёрын мууг
харцаараа шигшинэ.
9 Хэн “Би зүрхээ цэвэрлэв
Би нүгэл хилэнцээсээ цэвэршив”
гэж хэлж чадах билээ?
10 Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний
Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.
11 Хүүхэд ч үйлдлээрээ,
Цэвэр хийгээд зөв шулууныг
үйлдэх эсэхээрээ танигдана.
12 Сонсох чих, харах нүдний
Аль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн.
13 Нойронд бүү дурла,
эс тэгвээс чи ядуурна
Нүдээ нээ, тэгвэл талхаар цадах
болно.
14 “Тааруу юм, муу юм” гэсээр
хүмүүс худалдан авдаг ч
Дараа нь түүгээрээ сайрхах аж.
15 Алт ба эрдэнийн чулуу олон ч
Мэдлэгийн уруул болбоос
хамгийн үнэт гоёл.
16 Гаднын хүнийг батлан даагчийн
дээлийг ав
Хөндлөнгийн хүний улмаас
түүнийг барьцаал.
17 Хуурмаг замаар олсон талх
амттай ч
Хайргаар ам нь дүүрнэ, эцэстээ.
18 Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.
Мэргэн удирдамжийн дагуу дайт.
19 Цуу тарааж явагч нууцыг
задруулах тул
Хагархай амтантай бүү орооцолд.
20 Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү
Тас харанхуйд бөхөх.
21 Эхэнд түргэн олдсон өв
залгамжлал
Эцэстээ үл ерөөгдөх.
22 “Ёрын муугийн хариуг өгнө дөө,
би” гэж бүү ярь.
ЭЗЭНийг хүлээ, Тэр чамд тусална.
23 Худал туухай ЭЗЭНд жигшил.
Хуурмаг дэнс сайн зүйл бус.
24 Хүмүүний бүхий л алхааг
ЭЗЭН зааварлах.
Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох?
25 “Ариун юм байна” гэж
яаруу хэлчихээд
Амласныхаа дараа эргэцүүлэх нь
хавх аж.
26 Мэргэн хаан буруутнуудыг
ялган шигшиж,
Мөнөөх хэдийг дугуйгаар
бяц дайруулна.
27 Хүний сүнс ЭЗЭНий дэнлүү
Хамаг дотрыг нь нягталюу.
28 Хааныг тогтоогч нь энэрэл хайр
ба үнэн
Хаан сэнтийг тулагч нь
зөвт байдал юм.
29 Залуусын алдар нь хүч тэнхээ.
Өтгөсийн гоёл нь буурал үс.
30 Цохиурын шарх ёрын мууг
цэвэрлэх.
Зодуур нь хамаг дотрыг цэвэрлэх.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 21-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
21 1 Хааны зүрх ЭЗЭНий мутарт
усны урсгал
Хаа таалсан зүгтээ
Тэр түүнийг чиглүүлэх.
2 Хүний зам өөрийн нүдэнд
зөв шударга ч
Зүрхийг дэнслэгч нь ЭЗЭН.
3 Үнэн ба шударгыг үйлдэх нь
ЭЗЭНд
Нядлах тахилаас ч илүү хүлээн
авагдах.
4 Ихэмсэг харц, бардам зүрх нь
буруутын дэнлүү бөгөөд
нүгэл ажээ.
5 Зүтгэлтэй нэгний төлөвлөгөө нь
элбэг дэлбэгийг.
Адгуу нэгэн зөвхөн ядуурлыг.
6 Залилагч хэлээр
эрдэнэсийг олж авах нь
Замхрах уур, үхлийн занга.
7 Шударгыг үйлдэхээс
татгалздаг тул
Буруутуудыг хүчирхийлэл нь
залгина.
8 Гэмтний зам нь тахир
Гэмгүй цэврийн хандлага нь
чигч шударга.
9 Дэндүү яншаа эхнэртэй
нэг байшинд сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь
дээр.
10 Буруутуудын сэтгэл ёрын мууг
хүсэх.
Хөрш нь түүний нүднээс
энэрлийг эс харах.
11 Басамжлагчийг шийтгэвээс
гэнэн хүн мэргэн болох.
Мэргэнийг сургамжлаваас
Тэр өөрөө мэдлэгийг олох.
12 Буруутын гэрийг
Зөвт Нэгэн ажиглах
Буруу хүнийг мөхөл уруу
Тэрээр унагах.
13 Хоосон ядууг хашхирахад
чихээ чи таглаваас
Хожим өөрөө орилон дуудавч
хариуг эс авна.
14 Нууцхан бэлэг уцаарыг,
Өвөр дэх хахууль хилэнг дарах.
15 Биелэгдсэн хууль зөвт хүнд баяр,
Ёс бусыг үйлдэгсдэд айдас.
16 Ухааны замаас гажигч хүн
Үхэгсдийн чуулганд дуусна.
17 Зугаа цэнгэл хөөвөөс хоосрол.
Дарс, тосонд дурлаваас ядуурал.
18 Буруут нь зөвтийн,
Зальхай нь чигч шударга нэгний
төлөөс.
19 Цухалдан яншдаг эмтэй цуг
байснаас
Цөл газар амьдрах нь дээр.
20 Мэргэний гэрт эрдэнэс, тос
тэргүүтэн үлдэвч
Мулгуу хүн тэдгээрийг үрж
барах.
21 Зөвт байдал, хайр энэрлийг
мөшгөвөөс
Амь, зөвтөл, алдрыг олох.
22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хотыг
авиран дайрдаг
Нөгөөдүүлийн найдаж асан хэрмийг
тэр нураадаг.
23 Ам хэлээ захирдаг хүн
Амь юугаа зовлон шаналангаас
сахих.
24 Ихэмсэг нэгнийг “Басамжлагч”
гэдэг
Ихэрхүү зан нь дүрэлзэн байдаг.
25 Хойрго залхуугийн хүслэн үхэлд
хүргэх нь
Хэзээд гар нь ажиллахаас
татгалздагийнх.
26 Шунахайрагч өдөржин хүсэх.
Харин зөвт хүн харамгүй өгөх.
27 Буруутын нядлах тахил нь
жигшүүр.
Булай санаалж авчирваас бүр ч
дэндүү.
28 Хуурамч гэрч мөхнө.
Харин сайн сонсдог хүн мөнхөд
ярина.
29 Буруу хүн дүр эсгэх.
Чигч шударга нэгэн замаа ухаарах.
30 ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн
ухаан,
бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер
үгүй.
31 Хүлэг морьдыг тулааны өдөрт
бэлддэг ч
Ялалт ЭЗЭНийх болой.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 22-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
22 1 Арвин баялгаас сайн нэр дээр.
Алт, мөнгөнөөс таалал хүндлэл
илүү.
2 Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэл
Хоёуланг бүтээгч нь ЭЗЭН аж.
3 Хэрсүү нь гамшгийг хараад
нуугддаг.
Гэнэн нь угтан явж
эцэстээ шийтгэгддэг.
4 ЭЗЭНээс эмээхүй ба даруу дорд
байдалд
Эд баялаг, алдар хүнд, амь нь
шагнал болно.
5 Адайрын замд сундуу хийгээд
занга.
Анхаарал болгоомжтон
тэдгээрээс ангид.
6 Явах ёстой замаар нь хүүхдийг
сурга.
Тэрээр өтөлсөн ч түүнийг
орхихгүй.
7 Баян хүн ядуугийн захирагч.
Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц.
8 Ёсон бусыг таригч нь зүдүүр гай
хураах.
Агсрах хилэнгийнх нь саваа
алга бас болох.
9 Өгөөмөр хүн ерөөгддөг нь
Үгээгүйчүүлд хоолноосоо
өгдгийнх.
10 Басамжлагчийг холдуулваас
хэрүүл зайлах.
Зарга болон зүхэл ч зогсоно.
11 Цэвэр зүрхийг хайрлагч,
нигүүлсэнгүй уруулт хүнтэй
Хаан хүртэл анд нөхөр болох.
12 ЭЗЭНий мэлмий
мэдлэгийг сахин хамгаалах.
Зальхайн үгсийг Тэрээр
мушгин хол хаях.
13 Залхуу хүн “Гадаа арслан байна
Би гудамжинд гарвал алуулах
байх” гэдэг.
14 Садар самуун эмийн ам гүн
цооног юм.
ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш
унана.
15 Саваагүй мунхаглал
хүүхдийн зүрхэнд уяатай ч
Сахилгын саваа үүнээс нь
салгаж холдуулах.
16 Бэлжих гэж ядууг зовоож,
Баяныг зусардагч хүн
хоосролд ордог.
Мэргэдийн үгс
17 Мэргэдийн үгсэд чих тавь
Мэдлэг ухаанд минь
зүрхээ хандуул!
18 Хэвлийдээ чи эдгээрийг хадгалж,
Уруулан дээр чинь энэ үгс
бэлэн байваас тааламжтайяа.
19 Бат итгэл чинь ЭЗЭНд байг гэж
би чамд мэдүүлэв.
20 Би чамд мэдлэг хийгээд зөвлөх үг
гучийг бичиж үлдээсэн биш үү?
21 Ингэсэн нь үнэний үгс итгэлтэйг
чамд мэдүүлж,
Илгээсэн нэгэндээ чи үнэн үгийг
эргүүлэн авчрахын тулд юм
шүү!
22 Ядууг ядуу гэж бүү тоно
Зүдэрснийг үүд хаалган дээр
бүү дарла
23 Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН
Тэднийг тоногсдыг Тэр тононо.
24 Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө,
Түргэн зантай хүнтэй бүү нийл.
25 Учир нь чи түүний замаар
суралцаж, өөрийгөө занганд
оруулуузай.
26 Гар барин амлаж,
Өрийн төлөө батлан даагчдын нэг
бүү бол.
27 Оронд нь төлөх юм чамд үгүй
болбоос
Ор дэвсгэрийг чинь авах нь юун
билээ?
28 Эцэг өвгөдийнхөө бий болгосон
Эртний хил хязгаарыг
бүү өөрчил!
29 Ажилдаа чадмаг хүнийг чи харсан
уу?
Тэрээр хаадын өмнө зогсоно
Дорд хүмүүст эс үйлчилнэ.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 23-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
23 1 Захирагчийн хамт
хооллохоор суух үед
Зассан идээг сайтар ажигла.
2 Сэтгэл татаж, хүсэл төрсөн ч
хоолой юундаа хутга тулга.
3 Хоол гэдэг хуурмаг тул
Захирагчийн амттанд бүү шуна.
4 Хөрөнгөтэй болох гэж
өөрийгөө бүү туйлдуул.
Ухаалаг бай, тэр бодлоосоо
татгалз.
5 Эд гэдэг нүдийг олзолдог ч
хармагц зайлдаг
Жигүүр хүртэл ургаад
Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг
хуурамч зүйл.
6 Атгаг хүний талхнаас бүү ид,
амттаныг нь бүү хүс.
7 Тэрээр хоолойд торох хялгас мэт
агаад
“Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвч
Үнэндээ зүрх нь чамайг гээгүй
байдаг.
8 Идсэн үмх хоолоо чи бөөлжиж,
Элэгсэг үгс чинь ч талаар
өнгөрснийг мэднэ.
9 Мунхгийн чихэнд юм бүү ярь
Мэргэн үгсийг чинь тэрээр
басамжилна.
10 Эртний хил хязгаарыг бүү
өөрчил.
Өнчин хүний газарт түрж бүү ор.
11 Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэй
Тэр чамтай тэдний өмнөөс зарга
хэлцэнэ.
12 Зүрхээ сахилгад,
чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
13 Сахилгаас хүүхдээ хөндий бүү
байлга.
Саваадлаа гээд тэр үхчихгүй.
14 Саваагаар занчваас
Үхэгсдийн оронд унахаас аварна.
15 Зүрх чинь мэргэн байвал, хүү
минь
Зүрх минь ч бас баясна.
16 Уруул чинь чигч шударгыг
ярихад
Дотор минь хүртэл баярлана.
17 Зүрх чинь нүгэлтнүүдэд
бүү атаархаг
Өдөр бүр ЭЗЭНээс эмээж амьдар
18 Ирээдүй чухамдаа буй тул
Итгэл найдвар чинь үл тасарна.
19 Сонс тэгээд мэргэн бай, хүү минь
Зүрхээ цэх замд чиглүүл.
20 Дарсанд хэт согтогчид бас мах
ховдоглогсодтой бүү нийл
21 Согтогчид хийгээд ховдоглогсод
ядуурна.
Нойрмог нь ноорхойгоор
хувцаслана.
22 Төрсөн эцгээ сонс,
Өтөлсөн эхээ анзаар.
23 Үнэнийг худалдаж ав
Үрж үүнийгээ бүү арилж
Мэргэн ухаан, заавар, бодрол
ухааныг ч бас
24 Машид баясна, зөвт хүний эцэг
Мэргэн хүүг төрүүлэгч нь
түүндээ жаргана.
25 Эцэг, эх чинь баясаг.
Төрүүлсэн тэр эмэгтэй баясаг.
26 Зүрхээ, хүү минь надад өг
Замыг минь ажиглаад
нүд чинь баясна.
27 Янхан эм гүн цооног.
Садар эм хавчиг худаг.
28 Тонуулчин мэт тэрээр
отон хүлээж
Завхайчуудыг олшруулдаг ажээ.
29 Золгүй агаад зовогч нь хэн байв?
Хэрүүл хийгээд гомдлол
хэн тарив?
Шалтаг үгүй атал шарх хэн олов?
Улаан нүдлэгч нь хэн бэ?
30 Дарсанд ойчин живэгсэд,
Найруулсан дарс болгоныг
амсахаар хөөгчид билээ.
31 Дарсны улааныг
хундаганы цэлэлзэхийг
Гулгуулан залгилахыг бүү хар.
32 Хорт могой адил эцэстээ
Хазан хатгах бус уу, энэ нь.
33 Хараанд чинь бусдын эхнэрийг
үзүүлж,
Зүрхэнд чинь самуун зүйл
эргэлдүүлэх бус уу, тэр нь.
34 Далайн дунд дайвалзан хэвтэнэ
Дарвуулын шурагны оройд
өлгөгдөн хэвтэнэ.
35 Чи “Зодоод л байсан, бэртсэнгүй.
Нүдээд л байсан, мэдээгүй.
Би хэзээ сэрэх бол?
Дахиад олоод уух юмсан”
гэх болно.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 24-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
24 1 Хорон нэгэнд бүү атаарх
Холбогдохыг бүү хүс
2 Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэл
Уруулынх нь яриа зовлон болой.
3 Мэргэн ухаанаар
гэр орон сүндэрлэж
Бодрол ухаанаар
тэр чухамдаа тогтдог.
4 Мэдлэг нь өрөөнүүдийг чинь
Тааламжит үнэт баялгаар дүүргэнэ.
5 Чадалтайгаас мэргэн нь
Хүчтэйгээс ухаантай нь илүү.
6 Дайтваас мэргэн удирдамжийг
дага.
Зөвлөхүүд арвин аваас ялалт ирнэ.
7 Мунхагт мэргэн ухаан нь
дэндүү өндөрдөнө.
Тэрээр хэлцэх хаалганы дэргэд
амаа эс нээнэ.
8 Хорон мууг зорьдог нэгэн
Хорлогч хэмээн
зайлшгүй дуудагдана.
9 Мунхгийн сэдэл бүр нь нүгэлд
Басамжлагч нь
хүмүүсийн жигшил.
10 Зовлон шаналангийн цагт
сул байх аваас
Хүч тэнхээ чинь сул аж.
11 Үхэл уруу туугдах
хүмүүсийг
Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг
Буцааж авчрахаас хойш бүү суу.
12 “Харагтун, бид үүнийг мэдээгүй”
гэж чи хэлэх аваас
Зүрхийг чинь дэнслэгч
анхаарахгүй гэж үү?
Сэтгэлийг чинь хамгаалагч
мэдэхгүй гэж үү?
Тэрээр үйлсийнх нь хариуг
хүмүүнд өгөхгүй гэж үү?
13 Идээний сайн нь зөгийн бал,
ид хүү минь
Тагнайд чинь чихэрлэг нь
сархинагаас дусах бал.
14 Мэргэн ухаан болбоос сэтгэлд
чинь үүнтэй адил билээ.
Хэрэв олох аваас
ирээдүйгээ олох агаад
Ингэх аваас найдвар чинь
үл тасарюу.
15 Буруут чи, зөвтийн байр оронг
отож бүү хэвт.
Амьдран суудаг газрыг нь
бүү хүчирхийл!
16 Учир нь зөвт нь долоо бүдрэвч
нэг сэхнэ.
Буруут харин гай гамшигт
нэгмөсөн бүдэрнэ.
17 Дайсан чинь уналаа гээд
бүү баярла.
Тэднийг бүдрэх үед нь
зүрхээ бүү хөөргө!
18 Эс тэгвээс ЭЗЭН хараад,
үүнийг эс таалах ба
Дайснаас чинь уур хилэнгээ
буцааж магад.
19 Бурууг үйлдэгчдээс болж бүү уурс,
Ёс бусыг үйлдэгчдэд бүү атаарх.
20 Учир нь ёрын мууд ирээдүй үгүй
Ёс бусын дэнлүү бөхнө.
21 ЭЗЭНээс эмээгтүн,
хаанаас эмээгтүн, хүү минь,
Эсэргүү нартай бүү нийл.
22 Эдний гамшиг гэнэт ирнэ.
Дээрх хоёрын хэнээс нь
сүйрэл буусныг
хэн мэднэ?
Мэргэдийн үгсийн хэлхээ
23 Эдгээр нь ч мэргэдийн үгс юм.
Шүүхдээ тал засах нь
сайн зүйл бус.
24 “Таны зөв” гэж буруутанг
дуудваас хүмүүст зүхэгдэнэ.
Үндэстэндээ зэвүүцэгдэнэ.
25 Тийм хүнийг зэмлэгчдэд
талархал байх.
Тэдний дээр сайн ерөөл
мөн орших.
26 Зүйтэй үгсийг хэлэх нь
уруул дээр үнсэж буй хэрэг.
27 Гаднах ажилаа цэгцэлж,
Талбайд буй юмсаа бэлэн болгож,
дараа нь гэр орноо барь.
28 Хөршийнхөө эсрэг
шалтгаангүйгээр бүү гэрчил,
Уруулаараа бүү мэхэл.
29 “Хийснийг нь би ч мөн түүнд
хийх болно,
Үйлийнх нь дагуу хариу
хүртээнэ дээ”
гэж бүү хэл.
30 Залхуу хүний тариан талбай,
Ухвар мөчидийн усан үзмийн
цэцэрлэгийн дэргэдүүр би
өнгөрөв.
31 Харагтун, бүх газарт нь
өргөст бут
битүү ургаж,
Халгайгаар гадарга нь дүүрч,
чулуун хашаа нь нурсан байлаа.
32 Харуутаа л Би үүнийг зүрхэндээ
тусгаж, эндээс сургамж авав.
33 Жаахан унтаж,
жаахан дугхийгээд,
Гараа жаахан хумхисаар хэвтэх
зуур чинь
34 Ядуурал дээрээс чинь
дээрэмчин мэт,
Гачаал зэвсэгт дайчин мэт
ирэх вий.