Episodes

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 9-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Мэргэн ухааны найр
9 1 Байшингаа барьж,
долоон баганаа урлав,
мэргэн ухаан.
2 Малаа нядлан дарсаа хольж бас
ширээгээ засжээ, тэрээр.
3 Хотын хамгийн өндөрлөгөөс
тэрээр
зарц бүсгүйчүүдээ илгээн зар
тараана
4 “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!”
гээд
Ухвар мөчид нэгэнд тэрээр
5 “Нааш ир, талхнаас минь зоогло
Хольсон дарснаас минь уугтун.
6 Гэнэн явдлаа орхин амьд яв
Ухаарлын замаар яв!” гэж
хэлдэг.
Эгэл сургамжууд
7 Басамжлагчийг залруулваас
Үл хүндлэлийг хураана.
Буруутыг зэмлэвээс
Өө толбыг хүртэнэ.
8 Басамжлагчийг бүү зэмлэ,
Тэр чамайг үзэн ядна.
Мэргэнийг зэмлэ,
Тэр чамайг хайрлана.
9 Мэргэнд соёрх
Тэрээр улам мэргэн болно.
Зөвтийг сурга,
Тэрээр мэдлэгээ арвижуулна.
10 ЭЗЭНээс эмээхүй нь
Мэргэн ухааны эхлэл.
Ариун Нэгэнийг мэдэх нь
ухаарал.
11 Учир нь өдөр хоног чинь надаар
уртсах.
Амьдралын он жилүүд чамд
нэмэгдэх.
12 Чи мэргэн бол өөртөө л мэргэн
байгаа хэрэг.
Чи басамжилдаг аваас өөрөө л
үүнийгээ үүрэх болно.
Мунхагийн урилга, амлалт
13 Мулгуу эмэгтэй нь
чимээ дуулиантай.
Гэнэн агаад тэр юу ч мэддэггүй.
14 Гэрийнхээ үүдэнд,
хотын өндөрлөг газруудын
суудал дээр тэр суун
15 Харгуй замаараа цэх алхан
явагсдыг дууддаг.
16 “Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн”
гээд
Ухвар мөчид нэгэнд тэрээр
17 “Хулгайн ус чихэрлэг
Нууцалсан талх амттай” гэдэг.
18 Үхдэл болохоо тэрээр
эс харах агаад
Үхэгсдийн орны гүнд тэр эмийн
зочид буйг эс мэдэх ажээ.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 10-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Соломоны мэргэн үгс
10 1 Соломоны сургаалт үгс.
Мэргэн хүү эцгийн баяр
баясгалан,
Мулгуу хүү эхийн зовлон.
2 Буруугаар олдсон эрдэнэс
ашиг эс авчрах.
Зөвт байдал үхлээс гэтэлгэх.
3 Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН эс
тэвчих.
Буруутын хомхойрлыг харин
хөсөр хаях.
4 Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах.
Гар хичээнгүй аваас баян
чинээлэг болгох.
5 Ухаалаг хүү зунаар жимс түүх.
Ургацын цагт нойртой хүү
гутамшгийг хураах.
6 Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр
орших.
Хүчирхийлэл нь буруутын аманд
нууцлагдах.
7 Зөвтийн дурсамж нь ерөөл.
Буруутын нэр нь ялзрал.
8 Мэргэн зүрх тушаалыг хүлээж
авна.
Чалчаа мунхаг сүйрнэ.
9 Өөлөх гэмгүй явагч нь аюулаас
ангид.
Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ.
10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг
авчирна.
Чалчаа мунхаг нь сүйрнэ.
11 Зөвтийн ам нь амийн ундарга.
Буруутын аманд хүчирхийлэл
нууцлагдах.
12 Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх.
Хайр бүх гэмт үйлдлийг далдлах.
13 Ухаарагчийн амнаас мэргэн ухаан
олдоно.
Ухвар мөчдийн нуруунд саваа
зориулагдана.
14 Мэргэд мэдлэгийг хуримтлуулна.
Мунхгийн ам сүйрэлд ойртоно.
15 Баячуудын хөрөнгө баячууддаа
бэхлэлт цайз.
Ядуусын үгүйрэл ядуустаа балгас.
16 Зөвтийн ацаг хөлс нь амь.
Буруутын үр ашиг нь нүгэл.
17 Сургамжийг сахидаг хүн
амийн харгуйгаар.
Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн
төөрлийн жимээр.
18 Худалч уруул үзэн ядалтаа
нууцлах.
Мулгуу хүн базаахгүй үг тараах.
19 Үг олшроход гэмт үйлдэл
зайлшгүй.
Хэлээ захирагч хэрсүүгээс
зайлбаргүй.
20 Зөвтийн хэл цэвэр мөнгө.
Буруутын зүрх үнэ цэнэгүй.
21 Зөвтийн уруул олныг тэжээх.
Мунхгуудын үхэл ухаан дутахаас
болох.
22 ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөд
Зовлон зүдүүр үл нэмнэ.
23 Булай үйл хийх нь
мулгууд баясгалан.
Мэргэн үйл нь
ухаарагч нэгэнд таалал.
24 Буруутын дээр айдаг юм нь буух.
Зөвтийн хүсэл соёрхогдох.
25 Хуй салхи шуурчээ,
буруутууд алга болох.
Зөвт нь мөнхийн суурьтай байх.
26 Залхуу хүн заран илгээгчдэдээ
Шүдэнд орсон цуу,
нүдэнд орсон утаа мэт.
27 ЭЗЭНээс эмээхүй нь
амьдралыг уртасгах.
Буруутын он жилүүд богиносох.
28 Зөвтийн найдвар нь
баяр хөөр авчирдаг.
Буруутын хүлээлт хоосон хоцордог.
29 ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд
өмөг түшиг,
Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.
30 Зөвт нь мөнхөд үл хөдлөх.
Буруут нь газрыг эс өвлөх.
31 Зөвтийн ам мэргэн ухааныг
гаргана.
Хорон хэл харин огтлогдоно.
32 Зөвтийн уруул тааллыг,
Буруутын ам хор хөнөөлийг л
мэднэ.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 11-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
11 1 Дэнс хуудуутай аваас
ЭЗЭНд жигшил.
Туухай төгс болбоос
Түүнд тааламж.
2 Дээрэнгүй нь үл хүндлэлийг
дагуулна.
Дарууд мэргэн ухаан оршино.
3 Чигч шударга хүмүүсийг
хоёргүй үнэнч нь удирдах
Бачит хүмүүсийг
худал хуурмаг нь хөнөөх.
4 Уур хилэнгийн өдөр
баялаг тус үл болмуй
Үхэл ирвээс
зөвт байдал л чөлөөлмү.
5 Зөвт байдал нь гэм зэмгүй хүний
замыг тэгшлэх.
Бурууталдаа цөвт нэгэн ойчих.
6 Чигч шударга хүмүүсийг
зөвт байдал нь аврах.
Зальхай хүмүүс
хомхойролдоо баригдах.
7 Буруутыг үхэхэд хүлээлт нь
ор мөргүй болох.
Хорон муугийн горьдлого нь ч
тасрах.
8 Зөвт нь зовлон шаналангаас гарч,
Буруут нь түүний оронд орму.
9 Сүсэг бишрэлгүй нь
амаараа хөршөө хөнөөнө.
Зөвт хүн мэдлэгээр аврагдана.
10 Зөвтүүдийг дэвжихэд
хотоороо баярлах.
Буруутууд мөхөхөд уухай
хадаах.
11 Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр
хот нь дэвжин дээшлэх.
Буруутуудын ам түүнийг
доош нураах.
12 Хөршдөө зэвүүцэгч нь
ухвар мөчид.
Ухаан бодролтой хүн дуугүй.
13 Илүү үгтэн нууцыг задруулах.
Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
14 Удирдамжгүй аваас
ард түмэн мөхөх.
Харин олон зөвлөхтэй аваас
аврагдах.
15 Гаднын хүний төлөө
батлан даах нь
гай гамшиг авчрах.
Үүнээс зайлсхийгч нь
аюулгүй суух.
16 Нигүүлсэнгүй эмэгтэй
алдрыг авах.
Шаргуу дайчин эр баялгийг олох.
17 Энэрэнгүй хүн
амин сэтгэлээ тэтгэнэ.
Хэрцгий ширүүн хүн
лайгаа эдэлнэ.
18 Буруут нь хуурмаг хонжоо олно.
Зөвийг таригч нь
жинхэнэ шагнал хүртэнэ.
19 Зөвийг тууштай дагавал амийг.
Буруу мууг мөшгөвөл үхлийг.
20 Бачит зүрхтэн
ЭЗЭНий жигшлийг
төрүүлдэг бол
Гэм зэмгүй алхагч нь
Түүний таалалд нийцдэг.
21 Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй
нь баттай.
Зөвтийн үр удам
чөлөөлөгдөх нь лавтай.
22 Үзэсгэлэнтэй атлаа
ухваргүй эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн
алтан гархи мэт ажгуу.
23 Зөвтийн хүсэл зөвхөн сайныг.
Буруутын горьдлого уур хилэнг.
24 Харамгүйгээр тараах хүн арвижих.
Хэт гамнах хэрнээ
ядуу тарчиг болох.
25 Ерөөлийн хүн тосон чөмөглөх.
Өрөөлийг ундлагч
өөрөө ундлуулах.
26 Үр тариагаа нууцалдаг нэгнийг
хүмүүс зүхнэ.
Үүнийгээ харин худалдагчийн
толгой дээр ерөөл оршино.
27 Сайныг хайгч нэгэн ивээл
тааллыг олох.
Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр
тэр нь ирэх.
28 Зөөрөндөө найдагч нь зулгарах.
Зөвт нь навч адил дэлгэрэх.
29 Гэртээ лай таригч салхийг өвлөнө.
Мунхаг нь мэргэн зүрхтний боол
болно.
30 Зөвт хүний үр жимс нь
амийн мод.
Мэргэн хүн бусдыг өөртөө татах.
31 Зөвт нь хүртэх ёстойгоо
газар дээр хүртдэг бол
Буруут хийгээд нүгэлт нь
хэр илүү хүртэх бол!

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 12-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
12 1 Сургамжийг хайрлагч нь
мэдлэгт хайртай.
Гэсгээлтийг зүхэгч нь
харанхуй бүдүүлэг.
2 Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог.
Баширыг сэдэгчийг
Тэр буруутгадаг.
3 Гэм буруугаар хүн эс оршин
тогтнох.
Зөвтийн үндэс хэзээд
хөдөлшгүй байх.
4 Зохистой сайн эхнэр
нөхрийн титэм.
Гутамшигт эхнэр ясанд нь буглах
идээ бээр.
5 Зөвтийн санаа зүйтэй.
Буруутын удирдамж хуудуутай.
6 Буруутын үгс нь цус урсгахаар
отно.
Чигч шударга хүмүүсийн ам
тэднийг аварна.
7 Буруутууд үлдэхгүй сүйрч устана.
Зөвтийн орон гэр нь бат зогсоно.
8 Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг.
Гуйвдаг зүрх гадуурхлыг.
9 Талх хомс
өөрийгөө өргөмжилснөөс
Туслах зарцтай
хүндлэлгүй нэгэн нь дээр.
10 Зөвт нэгэн малынхаа амийг ч
хэрэгсэх
Буруутуудын энэрэл нь ч
үл хэлтрүүлэх.
11 Газраа тариалагч цадах талхтай.
Утгагүй хоосныг мөшгөгч
ухаан хомстой.
12 Буруут нь ёрын муу олзыг хүснэ.
Зөвтийн үндэс үр жимс ургуулна.
13 Цөвт муу нь уруулынхаа гэмт
үйлдэлд урхидуулна.
Зөвт нь зовлон шаналангаас ч
зайлна.
14 Амных нь үр жимс хүнийг
сайнаар цатгадаг.
Гарынх нь үйлс эргээд хүмүүнд
цутгадаг.
15 Мунхгийн зам нүдэнд нь зөв.
Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох.
16 Мунхгууд уураа даруй үзүүлэх.
Хэрсүү нь басамжлалыг
үл хэрэгсэх.
17 Үнэнийг яригч нь зөвийг.
Хуурамч гэрчлэгч заль мэхийг.
18 Бодлогогүй яриа нь
илдээр дүрэх мэт.
Харин мэргэн хүний хэл
илааршлыг авчрах.
19 Үнэнч уруул үүрдийг авах.
Худалч хэл хормыг л давах.
20 Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд
заль мэх.
Амар тайвныг зөвлөгсдөд
баяр баясгалан.
21 Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй.
Буруутын гай тотгор дундрахгүй.
22 Худалч уруул ЭЗЭНд жигшүүр.
Хуудуугүй загнагсад Түүнд
таалал.
23 Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах.
Мулгуучуудын зүрх
мунхаглалаа зарлах.
24 Зүтгэлтэй хүний гар
удирдан дагуулна.
Лазан хүн албадлагын ажил хийнэ.
25 Шаналал хүмүүний зүрхийг
дарамтлах.
Сайн үг баярлуулах.
26 Зөвт нь хөршдөө хөтөч болох.
Буруутын зам бусдыг будлиулах.
27 Лазан нь ангийн махаа ч
эс шарах атал
Зүтгэлт нь үнэт өмчийг олно.
28 Зөвийн харгуйд амь.
Зам дээр нь үхэл үгүй.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 13-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
13 1 Мэргэн хүү
эцгийнхээ сургамжийг авах.
Басамжлагч нь зэмлэлийг
үл сонсох.
2 Амныхаа үр жимснээс хүн
сайныг иднэ.
Зальхай хүмүүс
хүчирхийллийг хүснэ.
3 Амаа захирах нь
амийн хамгаалалт.
Уруулаа ангалзуулах нь сүйрэл.
4 Залхуугийн сэтгэл өлөн байвч
үл хүртэнэ.
Хичээнгүй нэгний сэтгэл цадна.
5 Худал хуурмагийг зөвтөн нь
зүхнэ.
Буруутыг ичгүүр, гутамшиг
дагана.
6 Гэмгүй нэгнийг
зөвт байдал нь өмгөөлөх.
Гэм буруу нь
нүгэлтнийг хөмрүүлэх.
7 Хоосон хэрнээ баян аяглах.
Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.
8 Хүний баялаг амийнх нь төлөөс
буюу.
Хоосон ядуу нь занал эс сонсюу.
9 Зөвтийн гэрэл бадарна.
Буруутын дэнлүү бөхнө.
10 Их зангаас мэтгэлцээн маргаан.
Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан.
11 Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох.
Хөдөлмөр шингэсэн аваас
арвижих.
12 Найдвар сунжирваас
зүрхний өвчин.
Хүсэл биелвээс амийн мод.
13 Үгийг үл тоомсорлох нь өр.
Зарлигаас эмээх нь шагнал.
14 Мэргэний сургаал болбоос
амийн ундарга.
Үхлийн занганаас
энэ л зайлуулдаг.
15 Бодол сайн аваас нигүүлсэл.
Бачит хүмүүсийн зам бэрх.
16 Хашир хэрсүү нь
бодолтой үйлдэх.
Харин мунхаг нь
мулгуугаа дэлгэх.
17 Элч буруут аваас гай зовлон.
Элч нь итгэлт болбоос илааршил.
18 Сургамжийг үл ойшоогчдод
ядуурал ба үл хүндлэл.
Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.
19 Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам.
Ёрын муугаасаа салах нь
мулгууд ичгүүр.
20 Мэргэнийг дагавал мэргэн.
Мулгуутай нөхөрлөвөл хорлол.
21 Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь
гай зовлон.
Зөвт хүмүүсийг шагнадаг нь
сайн сайхан.
22 Сайн хүний өв ач гучдаа
Нүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.
23 Ядуу хүний талбайд
арвин хүнс байх боловч
Шударга шүүлт үгүй бол
Тэр нь хамагдан арилна.
24 Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч
нь
түүнийг үзэн ядагч юм.
Хүүгээ сахилгажуулахдаа хойрго
бус нь түүнийг
хайрлагч юм.
25 Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох.
Буруутын гэдэс өлөн хоосон явах.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 14-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
14 1 Мэргэн эмэгтэй
гэрээ төвхнүүлэх.
Мунхаг нь гэрээ гардан нураах.
2 Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх.
Замаасаа гажигч хүн
Түүнийг жигших.
3 Мунхагуудын ам нуруун дундуур нь
татах саваа.
Мэргэний уруул
өөрсдийг нь хамгаалах.
4 Шар эс байваас тэжээлийн тэвш
хоосон.
Шарын хүч байх аваас
орлого арвин.
5 Гэрч итгэмжит аваас үл хуурах.
Гэрч хуурамч болбоос
худал үгс урсгах.
6 Басамжлагч мэргэн ухааныг хайвч
эс олох.
Ухаарагч нэгэнд мэдлэг нь
хялбар байх.
7 Мулгуутай ханилагч нь
Ухаарлын уруулыг эс сонсмуй.
8 Хэрсүүгийн мэргэн ухаан нь
замаа ухаарах явдал.
Мулгуугийн мунхаглал нь
заль мэх.
9 Ялын тахилыг мунхгууд басах.
Бурханы таалалд чигч шударга
хүн баясах.
10 Зовогч зүрх зовлонгоо мэдэх.
Баяр хөөрийг нь гаднын хүн
үл хуваалцах.
11 Гэм буруутнуудын өргөө нурах.
Чигч шударга хүмүүсийн
овоохой дэвжих.
12 Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам.
13 Инээж байвч
зүрх хөндүүрлэж болох.
Хөөрөн баясахын эцэс
уй гашуу ирж болох.
14 Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна.
Сайн хүн ч үйлдсэнээрээ хүртэнэ.
15 Гэнэн хүн үг бүхэнд итгэх.
Хэрсүү хүн алхмаа ухаарах.
16 Мэргэн нь эмээж,
ёрын муугаас зайлсхийх.
Мунхаг нь догширч адгах.
17 Цочмог ууртай нь мулгууг үйлдэх.
Баширыг сэдэгч үзэн ядагдах.
18 Гэнэнчүүдийн өв мулгуу.
Ухаалгуудын титэм нь мэдлэг.
19 Ёрын муу нь сайны өмнө сөгдөх.
Буруутан нь зөвтийн үүдэнд
сөхрөх.
20 Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх
атал
Баян хүнд найз нөхөр олон.
21 Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн.
Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай
яа.
22 Ёрын мууг сэдэгчид
Төөрөлд хүрэх бус уу?
Харин сайныг сэдэгчид
Хайр энэрэл ба үнэнийг олюу.
23 Зүтгэл бүхэн ашиг авчрах
Хоосон яриа ядууралд хүргэх.
24 Мэргэдийн титэм нь
тэдний баялаг.
Мулгуучуудын мунхаглал нь
ердөө л мунхаглал.
25 Үнэнч гэрч амийг аврах.
Худлыг тургигч нь урвагч.
26 ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл.
Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох
газар.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн
ундарга.
Үхлийн занганаас энэ л
зайлуулдаг.
28 Түмэн олон болбоос хааны сүр
хүч
Албатгүй ноён мөхөлд.
29 Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн.
Түргэн зантай нь мунхаглалыг
дээдэлнэ.
30 Махбодын амь нь уужуу зүрх.
Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал.
31 Ядууг дарлах нь
Бүтээгчийг нь доромжилж буй
хэрэг.
Үгээгүйд элэгсэг хандагч нь
Түүнийг хүндэтгэж буй хэрэг.
32 Буруутан муу үйлийнхээ төлөө
хөсөр хаягдах.
Зөвт нэгэн үхсэн ч
хоргодох газар олох.
33 Мэргэн ухаан, ухаардаг нэгний
зүрхэнд нутаглах.
Мунхгуудын зүрхнээс тэр эс
олдох.
34 Үндэстний алдар зөв шударгад.
Ард түмний гутамшиг нүгэлд.
35 Хааны таалал мэргэн зарцад.
Түүний хилэн гутамшгийг
авчрагчдад.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 15-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
15 1 Эелдэг хариулт уурыг
зайлуулах.
Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.
2 Мэргэдийн хэл мэдлэг тараах.
Мулгуучуудын ам
мунхаглал оргилуулах.
3 ЭЗЭНий мэлмий хаа сайгүй.
Ёрын муу хийгээд сайныг ч бас
харах.
4 Амарлингуй хэл амийн мод.
Хазааргүй хэл сүнсний бусниулал.
5 Эцгийн сургамж мунхагт
эс тоомсорлогдох.
Түүний гэсгээлийг
хэрсүү нэгэн сахих.
6 Зөвт хүний гэрт арвин их баялаг.
Буруутын орлого
харин лай ланчиг.
7 Мэргэн хүний уруул
Мэдлэг дэлгэрүүлдэг бол
Мулгуучуудын зүрх тийм бус.
8 Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах.
Чигч шударга хүмүүсийн залбирал
Түүнд таалагдах.
9 Буруутын зам ЭЗЭНд жигшүүр.
Зөвийг мөшгөгчийг Тэр хайрлана.
10 Замаасаа гажигсдад хатуу сахилга.
Гэсгээлтийг үзэн ядагсдад үхэл.
11 Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газар
ЭЗЭНий өмнө байхад
Хүний хөвгүүдийн зүрх бүр ч ил
бус уу?
12 Басамжлагч нь зэмлэгчийг
хайрладаггүй.
Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
13 Зүрх хөгжилтэй бол царай
тунгалаг.
Зүрх шаналахад сүнс зовууртай.
14 Ухаарагч хүний зүрх
мэдлэгийг эрэх.
Мулгуучуудын ам
мунхаглалд идээших.
15 Шаналагчдын өдрүүд
хэцүүгээр дүүрэн.
Хөгжилтэй зүрхэнд
найр наадам дүүрэн.
16 ЭЗЭНээс эмээн хомсхон суух нь
Асар их хөрөнгөтэй бас
түгшүүртэй сууснаас дээр.
17 Үзэн ядалтаар бордсон
шарын махнаас,
Үнэн хайр буй газрын
өвсөн хоол дээр.
18 Хурц зантай хүн хэрүүл өдөөх.
Уурлахдаа удаан хүн
маргааныг намжаах.
19 Залхуугийн зам
сундуугаар дүүрэн.
Чигч шударгын жим
шулуун чигээрээ.
20 Мэргэн хүү эцгийгээ баярлуулах
атал
Мулгуу хүн эхийгээ ч
үл тоомсорлох.
21 Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх.
Ухаарагч хүн цэх замаар явах.
22 Зөвлөмж дутсанаас
төлөвлөгөө бүтэлгүйтэх.
Зөвлөх олон болбоос
бүтэмжтэй болох.
23 Онож хэлсэн хариултад
хүн бүр баярладаг.
Цагаа олсон үг юутай сайхан бэ!
24 Бодлоготой хүнийг
амийн зам дээш хөтлөх.
Доор буй Үхэгсдийн орноос
ангижруулах.
25 Бардам хүний гэрийг
ЭЗЭН нураана.
Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг
Тэр тогтооно.
26 Ёрын муу төлөвлөгөө
ЭЗЭНий жигшүүр.
Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун.
27 Ёс бус ашигт шунагч
гэрийнхэндээ лай тарих.
Хээл хахуулийг үзэн ядагч
амьд гарах.
28 Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа
цэгнэх.
Буруутын ам ёрын мууг ундраах.
29 Буруутуудаас ЭЗЭН алс.
Зөвтийн залбирлыг Тэр сонсоно.
30 Гэрэлтсэн харц
зүрхийг баярлуулах.
Сайн мэдээ ясыг шимжүүлэх.
31 Амийн сануулгад
дуулгавартай чих
Мэргэдийн дунд байх.
32 Сургамжийг үл ойшоогч
өөрийгөө үл хэрэгсэх.
Сануулгад дуулгавартай нэгэн
ухааныг олж авах.
33 ЭЗЭНээс эмээхүй нь
мэргэн ухааны сургамж
Алдрын өмнө даруу дорд байдал.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 16-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
16 1 Зүрхний төлөвлөгөө хүнээс.
Хэлний хариулт ЭЗЭНээс.
2 Хүмүүний бүхий л зам
нүдэнд нь цэвэр ч
Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.
3 Үйлсээ ЭЗЭНд даатга,
бодол санаа чинь биелнэ.
4 ЭЗЭН, бүгдийг зорилготой
бүтээсэн тул
Буруутууд шийтгэлийн өдрийнх.
5 Зүрх бардам бүгд
ЭЗЭНд жигшүүртэй.
Гар барьсан ч болно,
шийтгүүлэх нь лавтай.
6 Энэрэл хайр ба үнэнээр
хилэнц цагаадна.
ЭЗЭНээс эмээвээс
ёр муугаас зайлна.
7 Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн
хүмүүнийг
Дайснуудтай нь хүртэл Тэр
эв түнжинтэй байлгана.
8 Шударга бусаар олох
үлэмж их орлогоос
Зөвт байдлаар олсон бага нь дээр.
9 Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч
Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
10 Хааны уруулд
тэнгэрлэг шийдвэр бий.
Шүүх цагт ам нь
харш юм үйлдэх ёсгүй.
11 Шударга жин ба дэнс ЭЗЭНийх.
Уутан доторх туухай бүхэн нь
Түүний үйлс.
12 Зөвт байдал нь
хаан ширээний тулгуур.
Цөвт буруу явдал хаадад жигшүүр
13 Зөвт уруул хаанд тааллыг олох.
Чигч шударгыг яригчийг
тэрээр хайрлах.
14 Хааны уур хилэн
үхлийн элч буюу.
Харин мэргэн хүн
түүнийг тайтгаруулмуй.
15 Хааны нүүрэнд гэрэлтэх
гэрэл дотор амьдрал буй.
Таалал нь хаврын борооны
үүл мэт буюу
16 Мэргэн ухаан олж авах нь
алтнаас хамаагүй дээр.
Мөн ухаарлыг олж авах нь
мөнгө сонгосноос ч дээр.
17 Чигч шударга хүмүүсийн харгуй
ёрын муугаас холдоно.
Замаа анхаардаг хүн
амиа хамгаална.
18 Сүйрлийн өмнө бардам зан
Уналтын өмнө ихэрхүү зан.
19 Ядуучуудын хамт
даруу сүнстэй байх нь
Бардамнагчдын хамт
арвин олз хувааснаас дээр.
20 Үйл хэрэгтээ анхаарагч нь
амжилтад.
ЭЗЭНд итгэгч нь жаргалд.
21 Зүрх мэргэн аваас
ухаарагч хэмээн дуудагдана
Үг амтат бол
ятгалга хүчтэй болно.
22 Мэргэн ухаан хэнд байна
Түүнд амийн ундарга юм.
Мунхаглал, мунхаг хүндээ
шийтгэл.
23 Мэргэний зүрх амаа сургамжилж,
уруулынхаа ятгалгыг нэмнэ.
24 Тааламжит үгс зөгийн балтай
сархинаг мэт.
Сэтгэлд бурам, ясанд эм буюу.
25 Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам.
26 Ажилчныг ажиллуулагч нь
хооллох хүсэл нь.
Ажилд гуядагч нь
хоосон ходоод нь.
27 Үл бүтэх хүн ёрын мууг малтаж
Хуйхлах гал мэт ярих.
28 Замаасаа гажигч
эвдрэлцлийг тарих.
Хов жив тараагч
дотнын нөхдийг салгах.
29 Хүчирхийлэгч, хөршөө уруу
татаж,
Сайн бус замаар дагуулна.
30 Нүдээ ирмэгч хүн
гаж зүйлсийг сэдэх.
Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг
гүйцэтгэх.
31 Буурал толгой алдрын титэм.
Зөвт байдлын зам дээр үүнийг
олно.
32 Уурлахдаа удаан хүн
хатан зоригтноос ч дээр.
Сүнсээ захирдаг хүн
хотыг эзлэгчээс ч дээр.
33 Шавга хаявч шийдвэр бүр нь
ЭЗЭНээс ирдэг.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 17-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
17 1 Хэрүүлтэй гэрийн
бялхам идээ будаанаас
Амар тайван дундах
хатсан талхны хэлтэрхий нь дээр.
2 Гутамшигт хүүг
мэргэн зарц захирч
Гэрийн өв хөрөнгөнөөс
төрөл нь мэт хүртэх.
3 Хайлуур нь мөнгөнд, зуух нь
алтанд,
Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.
4 Муу хүн цөвт уруулыг сонсох.
Худалч хүн хорлолын хэлийг
анхаарах.
5 Ядууг элэглэгч
Бүтээгчийг нь гутаах.
Гамшигт баясагч
шийтгэлгүй эс үлдэх.
6 Ач гуч өтгөсийн титэм.
Азай буурлууд үрсийн алдар.
7 Дээдсийн үг хэллэг
мунхагт эс тохирох.
Худал хэлэх нь захирагчид
бүр ч үл нийцэх.
8 Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд
ид шидийн чулуу мэт
Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр.
9 Алдаат үйлдлийг уучилваас
хайрыг татах.
Аливаа хэргийг эргэн сөхвөөс
андаа алдах.
10 Зэмлэлийн ганц үг
ухаантанд хүрэхдээ
Цохиурын зуун буулт
мулгууд хүрэхээс гүн.
11 Ёрын муу хүн зөвхөн
тэрслэл тарих агаад
Догшин элч түүний эсрэг
илгээгдюү.
12 Бамбаруушаа булаалгасан
баавгайтай таарах нь
Мунхаглалдаа живсэн
мунхгаас дээр.
13 Сайныг саараар хариулагчийн
гэрээс
ёр муу үл салах.
14 Зөрчилдөөний эхлэл
дусах ус мэт буюу.
Садрахаас нь өмнө хэрүүлийг
зогсоо!
15 Буруутыг зөвтгөгч ч тэр,
зөвтийг буруутгагч ч тэр
ЭЗЭНд жигшүүртэй.
16 Мунхаг нэгэн ухаангүй атлаа
ухааныг худалдан авах уу?
Мөнгө гарт нь байлаа гээд
тус болох уу?
17 Анд нөхөр аваас ямар ч үед
хайрлах.
Ахан дүүс зовлон шаналангийн цагт
дэм болохоор төрөх.
18 Хөршийнхөө төлөө батлан дааж
Гар баригч нь ухвар мөчид ажээ.
19 Гэмт үйлдлийг таашаагч нь
хэрүүлд дурлах
Үүдэн босгоо өндөрлөгч нь
яс хугалах.
20 Зальт зүрхтэн үл дэвжих
Мэхлэгч хэлтэн гай зовлонд
унах.
21 Мулгууг төрүүлэгч шаналах.
Олиггүйн эцэг эс баярлах.
22 Баяр хөөртэй зүрх болбоос
сайн эм.
Эмтэрсэн сүнс аваас
ясны хувхай өвчин.
23 Шударга замыг хазайлгахаар
Буруут нь хахууль өвөртлөх.
24 Ухаарагчийн өмнө мэргэн ухаан
Мунхгийн хараанд газрын
хязгаар.
25 Мулгуу хүү эцгийн халаглал.
Төрүүлсэн эхдээ ч уй гашуу.
26 Зөвт нэгнийг торгох нь ч,
Чигч байтал түшмэдийг
ташуурдах нь ч
зүйд эс нийцюү.
27 Мэдлэгтний үг ховор.
Ухаантны сүнс уужим.
28 Дуугүй байваас
мунхаг ч мэргэнд тооцогдох.
Амаа хамхиваас тэрээр
ухаалаг мэт харагдах.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 18-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
18 1 Сувдаг шунахай хүн
адайр байх.
Саруул ухаан бүрийн эсрэг сөрөх.
2 Мулгуу нэгэн ухааныг эс таалан
Зүрхээ л илэрхийлэн ярьдаг.
3 Цөвт нэгэн ирэхэд
жигшүүр ч ирэх.
Гутамшгийн хамт тохуурхал байх.
4 Хүмүүний амны үгс гүн ус мэт.
Мэргэн ухааны ундарга
урсах горхин лугаа адил.
5 Буруутанд нүүр тал засах ч
Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч
Зүйд эс нийцюү.
6 Мулгуу нэгний уруул
хэрүүл авчрах.
Ам нь зодуур дуудах.
7 Мулгуу нэгний ам
өөрийг нь сүйтгэх.
Уруул нь сэтгэлийг нь урхидах.
8 Хов яригчийн үгс амтат идээ мэт
Ходоодны мухарт ч хүрнэ.
9 Ажилдаа хойрго хүн
Шамшигдуулагчийн ах дүү юм.
10 ЭЗЭНий нэр бат цамхаг.
Зөвт нь гүйн ороод аюулгүй.
11 Баячуудын хөрөнгө нь
хүчирхэг хот
Өөрийнх нь төсөөлөлд
өндөр хана мэт буюу.
12 Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх.
Алдрын өмнө даруу дорд байдал.
13 Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь
мулгуу агаад ичгүүртэй.
14 Хүмүүний сүнс
өвчнөө тэсвэрлэх авч
Хэн цөхөрсөн сүнсийг
тэнхрүүлэх вэ?
15 Ухаарагчийн зүрх
мэдлэгийг олж авдаг.
Мэргэний чих мэдлэгийг эрдэг.
16 Хүнд өгсөн бэлэг сэлт хаалгуудыг нээх.
Хүндэт нэгэнтэй ч хүртэл
учруулах.
17 Хөрш нь ирж, шалгахаас нааш
Хэрэг явдлаа түрүүлж хэлсэн
хүний л зөв байдаг.
18 Шавга хаях нь зөрчилдөөнийг
эцэслэх агаад
Шаламгай хүчтэнүүдийн
хоорондохыг ч шийдэх аж.
19 Тэрсэлдсэн ах дүүс
Хүчирхэг хотоос ч бэрх.
Хэрүүл нь цайзын үүдний хөндөл
мод мэт.
20 Амныхаа үр жимсээр
хүмүүний ходоод дүүрэх.
Уруулынхаа ашиг шимээр цадах.
21 Хэл гэдэг амилуулах
бас үхүүлэх хүчтэй
Хэн үүнд дурлана
үр жимсийг нь хүртэнэ.
22 Эхнэр ологч нь сайныг олох.
ЭЗЭНээс бас тааллыг авах.
23 Ядуу нэгэн өршөөл гуйх.
Баян нэгэн догшноор хариулах.
24 Үерхэгчид нь хүнийг эвдэж болох.
Үнэн хайрлагч нь ахаас ч илүү
эвлэж болох.